Дэлхийн аварга М.Анхцэцэг Парисын олимпыг зорино

O.Admin
2024-05-16

Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” зуны олимпын XXXIII наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд болзол хангалаа.

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм. Тус холбооноос Парисыг зорих тамирчдын нэрийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-нд Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай аж. 

Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав, таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпийн эрхээ авах журмын дагуу М.Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцох болзлоо ийнхүү хангав.

“Алтан охин” М.Анхцэцэг анх “Рио-2016” олимпод өрсөлдөхдөө наймдугаар байрт шалгарсан бол “Токио-2020”-д дөрөвдүгээр байр эзэлж байлаа.