Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.11.18/-ийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 77.8 хувийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжив. Мөн "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Болормаа ажиллана.
Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар тус байнгын хороонд хамаарах 42 шийдвэрийн 161 зүйл, заалтын биелэлт дунджаар 86 хувьтай байна.
