ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвшөөрөл үйлчилгээ арга хэмжээ болж байна

O.Admin
16 цагийн өмнө

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зөвшөөрөл үйлчилгээ арга хэмжээ” өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зөвшөөрлийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. Болорчулуун, Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т. Баясгалан нар нээж үг хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун нээлтийн үгэндээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малын эрүүл мэнд, малын генетик нөөц, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл зэрэг нийгэм, эдийн засгийн чухал асуудлыг хамардаг. Ийм өргөн хүрээтэй салбарт төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай хэдий ч энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах бус, харин эрсдэлийг бууруулж, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэх ёстойг онцлов.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд мэдэгдлээр 1, тусгай зөвшөөрөл 11, энгийн зөвшөөрөл 9 олгож байна. Үүнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 10 тусгай, 4 энгийн зөвшөөрөл, Мал эмнэлгийн ерөнхий газар 1 тусгай, 2 энгийн зөвшөөрөл, мэдэгдлээр эрхлэх 1 төрлийн үйл ажиллагаа, Ургамал хамгааллын газар 1 тусгай зөвшөөрөл олгож байна. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх ажил нь зөвхөн зөвшөөрлийн тоог бууруулах асуудлаар хязгаарлагдахгүй. Харин төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах хугацааг богиносгох, иргэн, аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг ойлгомжтой, тогтвортой болгох цогц шинэчлэл байх учиртайг мэдээлэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан тус арга хэмжээ нь салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойлгомжтой, шуурхай хүргэх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлоход чиглэж буйг дурдлаа.