ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Иргэдийн бодит орлогыг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх 2027 оны төсөв батлагдлаа

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.13/ -ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийг эцэслэн баталсан юм.

Төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт “Бид ард түмний орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн төсвийг баталлаа. Монгол Улсын 3,5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч бүрд татварын хөнгөлөлт чөлөөлөлт, цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээл зэргээр дамжуулж төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон. Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. УИХ-ын баталсан төсвийг Засгийн газар үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Мөн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.