Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК болон БНСУ-ын Seoul National University, Seoul Housing & Communities Corporation зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Хөтөлбөрийн хүрээнд Seoul National University-ийн профессор И Ин Гын “S-Quad төсөл ба орон сууцны бодлогын ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, хотын нягтаршил, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх Солонгосын бодлогын туршлагыг танилцууллаа.
Мөн Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны бодлого, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бол Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөл Улаанбаатар хотын орон сууцны бодлогын өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн Ёнсэй их сургуулийн профессор Чинь Хи Сон Сөүл хотын орон сууцны бодлогын өөрчлөлт, өндөр нягтаршилд суурилсан дахин төлөвлөлтийн механизм, санхүүжилтийн загварын талаар туршлага хуваалцав. Өнөөдөр буюу 4-р сарын 10-ны өдөр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нийслэл Улаанбаатар хотын Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинээр барих төслийн танилцуулгыг тавина.
