ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол, Казахстаны харилцаа олон салбарт өргөжих боломжтойг онцлов

O.Admin
15 цагийн өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.05.02) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцаж буйтай холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны цахим засаглал, харилцаа холбоо, сансрын технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ноён Элчин сайдтай ойр дотно хамтран ажиллаж, үр дүнтэй олон ажлуудыг эхлүүлж, хэрэгжүүлснийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Түүнчлэн манай улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш улс болох Казахстан улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс Сайд Н.Учралд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цахим хөгжил, сансрын технологи зэрэг шинэ агуулгаар баяжуулж, үр дүнтэй айлчлал, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласанд талархал илэрхийлээд цаашид Монгол, Казахстаны харилцаа худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр логистик зэрэг олон салбарт өргөжин хөгжих боломж, гарцууд байгааг онцлов.