ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Нарансүх: Мэргэжлээс шалтгаалах өвчний нийт тохиолдлын 70 хувь нь уул уурхайд бүртгэгдэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
16 цагийн өмнө

Манай улсад 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 809 хүн өртсөн нь өмнөх оноос хоёр дахин өсжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан санхүүжилт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд маш бага хувийг эзэлж байгаа нь эрсдэл, осол, өвчлөлийг бууруулахад хангалттай дэмжлэг болж чадахгүй байгаа аж.

Иймд осол, эндэгдэл, өвчлөлийг бууруулах үүднээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж буй эрсдэлийг эрт илрүүлж, үнэлж, оношилж, үр дагавраас урьдчилан сэргийлэхэд чиглүүлж, салбарын хэмжээнд цогц шинэчлэлтийг эхлүүлжээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган”-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бэхжүүлье уриатайгаар өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Энэ үеэр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын төлөөлөл ирж илтгэл хэлэлцүүлэхээс гадна гадны сайн туршлага буюу Азийн орнууд дотроо энэ чиглэлийн эрхзүйн орчныг хамгийн сайн бүрдүүлж чадсан БНСУ-ын сайн туршлагыг мэргэжлийн багш, докторыг нь урьж ирүүлэн ярилцаж буйгаараа давуу байлаа. Тэгвэл манай улсад энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт хэр байгаа, хаана алдаа мадаг гарч, бэрхшээлтэй тулгарч буй, үүнийг шийдэх гарц гаргалгаа юу байх талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхтэй цөөн хором ярилцлаа.

-Жил тутам өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах чиглэлээр өнөөдөр салбар бүрийн илтгэлийг хэлэлцүүлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаарх шинэчлэн хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчны дэвшлээс ярилцлагаа эхлэх үү?

-Чуулганы үндсэн зорилго нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, ажил эрхэлж буй хүн амын эрүүл мэндийг төрийн бодлогын түвшинд хамгаалах үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх, эрүүл идэвхтэй ажиллах хүчнээр улс орны эдийн засгийг дэмжих явдал байх юм.

Тогтолцооны шинэчлэл шат шатанд хийгдэж эхэлсэн учраас түүнд уялдуулан ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, бусад мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангахаар энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Азийн улс орнууд тухайлбал БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрхзүйн тогтолцоо ямар түвшинд байдаг, ямар туршлага хуримтлуулав, сул хийгээд давуу тал юу байв, аж үйлдвэржиж буй Монгол Улсад зөвлөх зөвлөмж юу байх вэ гэдгийг энэ өдөр мөн онцлох сэдэв болгон ярилцлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар тогтолцооны ямар шинэчлэл хийгдсэнийг салбарын сайд Л.Энх-Амгалан мөн илтгэлдээ дурдлаа.

-Тогтолцооны шинэчлэл гэдгээ тодотгож хэлвэл ямар, ямар өөрчлөлтүүд багтаж байна вэ?

-Гурван үе шаттай хэрэгжих юм. 2025 онд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, эрхзүйг шинэчилнэ. 2026 онд шинэ тогтолцоогоор ажиллаж эхлэх бол 2027-2028 онд шинэчилсэн тогтолцоогоо бэхжүүлэх байдлаар явна. Тогтолцооны шинэчлэл бүрэн хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ахиц дэвшил гарахаас гадна цахим шинэчлэл буюу их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламжийн чанар хүртээмж нэмэгдэх, ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулах, мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт үед илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, нэгэнт хөдөлмөрийн чадвараа алдсан бол тухайн хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай болгож, сувилал байгуулахаас гадна мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан мэргэжлийн байгууллагуудыг дэмжих зэрэг шинэчлэлүүд багтаж байна. Хамгийн гол нь даатгалын тогтолцоог илүү боловсронгуй болгоно.

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоо Монголд маш сул байдаг. Том групп компани цаашлаад жижиг аж ахуйн нэгжүүд ч ослын тэтгэмж тогтоох, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж олгох талаар маш хойрго. Үүнийг нэлээд анхаарч, танай байгууллагыг илүү оройлон ажиллах болов уу гэдгийг БНСУ-аас ирсэн зочин судлаач онцоллоо. Энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал бол нийгмийн даатгалын тогтолцооны хүрээнд хэрэгжээд явдаг. Монгол Улсад нийтдээ 1.2 сая хүн албан журмын болон сайн дурын даатгал төлж байна. Тэр дотор үйлдвэрлэлийн ослын даатгал ч багтаад явж буй нь сайн хэрэг.

Гэхдээ даатгал төлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах шаардлагатай байгаа. Харилцан уялдаатай хамтарч ажиллаач гэсэн санал ч гарч буй учраас яаман дээр яг энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулагдаж эхэлсэн.

Даатгал төлж буй иргэд үйлдвэрлэлийн осол болон хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээ авах, осолд өртсөний дараах үйлчилгээг авах чиглэлд нэлээдгүй анхаарч байгаа. Гэхдээ урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй байгаа учраас энэ чиглэлийн төсөв санхүүг нэмэх буюу Үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна.

Нөгөөтээгүүр, ажил олгогч эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудаа арилжааны нэмэлт даатгалуудад даатгуулж болно. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгох даатгалаас хэтэрсэн зардлыг арилжааны даатгалууд хариуцдаг байх, мөн арилжааны даатгалуудаас мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл үйлчилгээ өгөх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэргээр хамтраад ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх зардал нь нийгмийн даатгал, арилжааны даатгалтай хосолсон хэлбэрээр явбал үр дүнтэй байх шийдэл харагдаж байна. Бусад улс орнуудын сайн жишээ юм билээ.

-Цахим шинэчлэл эрчимтэй хийж, нэгдсэн удирдлагаар буюу мэдээллийн дата бүрдүүлэх нь манай улсад хийгдэх шинэчлэлд нэн чухлыг онцолж байна. Дата бүрдүүлэх чиглэлд ямар өөрчлөлтүүд хийгдэх бол?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим систем гэсэн нэг бүлэг тусгайлан орж байгаа. Системдээ эрсдэлтэй ажлын байранд ажил олгогч нарыгаа бүртгээд түүгээрээ дамжуулан мэдээллээ хуваалцдаг, эрсдэлтэй ажлын байрандаа үнэлгээ хийдэг, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тайлангаа илгээх, байцаагч мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө зааврыг мөрдөх зэргээр цахим хяналтыг хэрэгжүүлнэ.

Нэмээд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг өндөр эрсдэлтэй аж ахуйн нэгжүүд нь өндөр төлдөг, асуудалдаа анхаардаг аж ахуйн нэгжүүд бага төлдөг гэх мэтээр эрсдэлд суурилсан даатгалын системийг нэвтрүүлэх боломж байна. Статистик бүртгэл, эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан их өгөгдлийн сан бий болгох, салбарын бодлогыг зөв болгох, хиймэл оюунд суурилсан цахим үйлчилгээ буюу зөвлөгөө, зөвлөмжөө цахимаар өгөлцөх зэрэг нэн чухал асуудал бол цахим шилжилт болж байгаа.

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэсэн тоон мэдээг танилцууллаа. Энэ чухамдаа ямар шалтгаантай байна вэ?

-Ковидын дараах эдийн засгийн сэргэлтээр барилга, уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүд идэвхжсэн. Үүнийгээ дагаад үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байна. Эрсдэлтэй ажлын байр нэмэгдэхийн хэрээр тоо нэмэгддэг. Хоёрдугаарт, осол, аваарын бүртгэл, тоон мэдээлэл сайжирсантай холбоотой.

Өмнө дутуу орхидог, бүртгэлд хамрагдахгүй үлдээж байсныг сайжрууллаа. Гуравдугаарт, хөдөлмөрийн хяналт институцийн хэлбэрээр хөгжөөгүй, байцаагчийн чиг үүргээр тодорхойлогдож байсан. Мэргэжлийн хяналтын нэгдсэн систем байхгүйгээс урьдчилан сэргийлэлт дутагдаж байгаа зүйл бий. Аймаг суманд ганцхан байгаа эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын байцаагч бүх эрсдэлд аж ахуйн нэгж дээр очоод өдөр болгон хяналт хийгээд байж чадахгүй учраас үр дүн муутай байна л гэсэн үг. Тиймээс хурдан хугацаанд цахимжуулах шаардлага тулгарч байна.

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хэчнээн хүн өнөөдөр тэтгэмж авч байна вэ. Аль салбар илүү өртөмтгий байгаа бол?

-Мэргэжлээс шалтгаалах өвчнийг эмнэлгийн байгууллага оношилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн мэдээллээр бол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2273 иргэн байна гэсэн мэдээлэл өгсөн. Үүнээс гадна өндөр насны тэтгэвэрт гармагц мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэмжийг зогсоочихдог. Үүнийгээ хянаж, тоолдоггүй асуудал бий.

Яг нарийн гаргавал 1972 оноос хойш 10.359 байгаа юм билээ. Зөвхөн тэтгэвэр авч байгаагаа бүртгээд байхаар статистик бүртгэл хангалтгүйг илтгээд байгаа юм. Шийдвэр ч бас буруу гарах магадлалтай. Үйлдвэрлэлийн осол сүүлийн таван жилд 2200 гаруй бүртгэгдэж, үүнээс 270 гаруй нь амиа алдсан. Одоогийн байдлаар 1000 гаруй иргэн үйлдвэрлэлийн ослын тэтгэмж авч байна гэсэн тоон мэдээ гарлаа.

Мэргэжлээс шалтгаалах өвчний нийт тохиолдлын 70 хувь нь уул уурхай байгаа. Уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр, төрийн үйлчилгээ болон нийгмийн хамгаалал буюу батлан хамгаалах салбарт үйлдвэрлэлийн осол олноор бүртгэгдэж байна. Эрсдэлтэй салбаруудад тухайлсан яамдууд маань анхаарч ажилламаар байгаа юм.

Уул уурхай, эрдэс баялгийн яам гэхэд л хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороогоо сайн ажиллуулж, асуудлаа анхаармаар байна. Уул уурхайн салбар олон улсын конвенцид нэгдсэн атлаа түүнийгээ салбартаа хэрэгжүүлж байна уу гэдгээ эргэж ярих цаг нь болсон байх.

Барилга ч мөн адилхан. Эрсдэл өндөртэй салбарын яамдууд үүнд анхаарахаас гадна аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүн авч ажиллуулах, ХАБ-ын инженер, ажилтнуудаа сургах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Төрийн байгууллагын зүгээс нэгдсэн хууль эрхзүйн орчноо сайжруулах, мэргэжлийн хүний нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр энэ мэт ажлууд хийгээд явж байна. Маргааш гэнэтхэн өөрчлөлт гарахгүй. Гэхдээ үе шаттай үр дүн гараад явж байна. Стандартуудаа шинэчлээд, шинэчилж өөрчлөх ажил ч үе шаттай хэрэгжээд явж байгаа.