"Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Онцгой дэглэм тогтоосон 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгааг сайшаав. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516,8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тэгвэл энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлого 198 тэрбум, цэвэр ашиг 353,3 тэрбум, 811,5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулаад байна. "Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56,5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33,4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28,7 тэрбумаар өсч, цэвэр ашиг нь 24,4 тэрбумд хүрч, 30,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.
Товч мэдээ
-Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 09-ний хооронд нээлттэй зарласан. Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлийг ойн арга хэмжээнд зориулалтын дагуу хэрэглэх, нийтэд сурталчлан таниулах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
-Монгол хүн сансарт нисссэн болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг ирэх оны гуравдугаар сард тэмдэглэхээр болов. 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗСБНХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков, Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа нарын жолоодсон Союз-39 хөлөг сансарт хөөрч, Салют-6, Союз-Т4 хөлгийн багтай хамтран сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн найм хоногийн дараа эх дэлхийд газардсан юм. Ингэснээр Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж бэлтгэн сансарт туршсан 20 дахь, задгай сансарт хэмжилт хийсэн эхний таван орны нэг болсон юм.
• Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
• "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой/
• Хуулийн төсөл эгүүлэн татах тухай /Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Патентын тухай хууль, Барааны тэмдэг,газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
• Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
• Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн талаар цаашид авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэнэ. Түүнчлэн" Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд гарсан үр дүнгийн талаар танилцуулах аж.