Монголын Авто Мастеруудын холбооноос зохион явуулдаг “BAJA MONGOLIA” мото спортын уралдаан энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл” гэдэг газар болох гэж байна. Нийт 50 километр замыг 3 удаа тойрч уралддаг энэхүү уралдаан UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр болох аж. Түүнчлэн ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзээд уралддагаараа онцлогтой юм. Нөгөөтэйгүүр аймаг сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь даган явж үзэхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой төрөл ажээ. Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.