Спорт
Өнөөдөр Д.Амартүвшин, Д.Сумъяа тэргүүтэй долоон бөх барилдана
Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа билээ. Дэлхийн 56 орны эрэгтэй 256, эмэгтэй 175, нийт 431 жүдоч энэ удаагийн “Их дуулга”-д оролцож байна. Харин манайхаас…

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа билээ. Дэлхийн 56 орны эрэгтэй 256, эмэгтэй 175, нийт 431 жүдоч энэ удаагийн “Их дуулга”-д оролцож байна. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 4 жүдоч хүч сорино.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болох бөгөөд 7 бөх Бакугийн дэвжээнд гарч барилдах нь. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, залуу жүдоч Л.Өнөболд нар барилдана. Д.Амартүвшингийн хувьд А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Туркмэнстан болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Л.Өнөболд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркийн Аккус Михрачтай барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү гэсэн хоёр мастер зодоглож байна. Д.Төмөрхүлэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Молдавын Денис Виерутай барилдана. Түүний хэсэгт Георгий Зантарая, Беслан Мудранов гэсэн томчууд чихэлдэж байна. Ё.Басхүүгийн хувьд D хэсэгт багтлаа. Эхний тойрогтоо Болгарын бөх Бозхидар Темелковтай барилдахаар оноолт таарлаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдсангүй. Харин 52-т Л.Сосорбарам, Б.Хорлоодой гэсэн хүч түрэн гарч ирж байгаа хоёр залуу шилдэг мастер зодоглож байна. Л.Сосорбарам А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Гвинеи-Бисау улсын бөх Сезар Тасианатай барилдахаар оноолт таарлаа. Ялбал хоёрдугаар тойрогт Францын алдарт бөх Амандин Бучард хүлээж байна. Б.Хорлоодой D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Израйлийн Гифен Примотой барилдахаар оноолт таарав.
57 кг-д Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа барилдана. Манай бөх С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт Турк болон Украины бөхчүүдийн ялсантай нь барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхэлнэ.