Спорт
Н.Төгсцогтын ээлжит тулаан хойшилжээ
Мэргэжлийн боксын IBO(International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин , сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит…

Мэргэжлийн боксын IBO(International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин , сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийх гэж байсан билээ. Тэгвэл энэхүү тулаан зургадугаар сар хүртэл хойшилсэн байна.
Н.Төгсцогт 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Төгсөө маань 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан. Тэр дундаа 9 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм. Хамгийн сүүлд тэрбээр WBC холбооны хагасхөнгөн жин буюу 57.2 кг-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй. Мөн IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.
Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагасхөнгөн жингийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аваргын цолоо хамгаалах тулааныг Испанийн 33 настай боксчин Кико Мартинезтай хийхээр болсон.
Харин Н.Төгсцогт хэнтэй тулалдах эсэх нь одоогоор тодорхой бус байна. Маш олон таамаг байгаагийн дотор Кубын боксчин Юриоркис Гамбоагийн нэр ч байгаа аж. Сонирхогчдын боксоор Олимпийн аварга болж байсан Гамбоа нь 2007 оноос хойш мэргэжлийн бокст орж, "Гуантанамогийн хар шуурга" хочтойгоор мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ 29 удаа ялж(17 КО), хоёр удаа ялагдсан амжилттай. Энэ жил 37 настай Гамбоа WBC, WBA, WBO, IBF гээд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй дөрвөн холбооны дөрвүүлэнд нь өөр өөр жинд дэлхийн аварга болж байсан боксчин ажээ.