Спорт
Байтынхан ахмад мастерууддаа хүндэтгэл үзүүллээ
Монголын байт харвааны холбооны Мастеруудын зөвлөлөөс Сар шинийн босгон дээр ахмад мастеруудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүл жээ. Энэхүү хүндэтгэлийн ёслолд шүүгч, дасгалжуулагч, тамирчдын ахмад үеийн төлөөлөл болсон 50…

Монголын байт харвааны холбооны Мастеруудын зөвлөлөөс Сар шинийн босгон дээр ахмад мастеруудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү хүндэтгэлийн ёслолд шүүгч, дасгалжуулагч, тамирчдын ахмад үеийн төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцсон байна.
Тэдний хамгийн ахмад нь өнөө жил 90 насыг зооглож байгаа ОУХМ Ж.Цэрэндулам гуай байв. Тэрбээр Дорнод аймгийн харьяат, Монгол Улсын гавьяат эмч, Хүүхдийн мэс заслыг Монголдоо анх үндэслэсэн сайхан буурай байсан бол хамгийн залуу нь дөнгөж 50 насыг шүргэж байгаа тамирчид байлаа.
Хүндэтгэлийн ёслолын үеэр Мастеруудын зөвлөлөөс 2018 онд хийсэн ажлаа тайлагнаад, 2019 он ахмадууддаа чиглэсэн ямар ажил хийх, ахмад мастеруудыг 2019 онд ямар ямар тэмцээн хүлээж байгааг танилцууллаа. Өнгөрсөн онд Монголын байт харвааны мастерууд шаггүй амжилт үзүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн онд Малайз улсад анх удаа зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд манай зургаан мастер оролцож, нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл гээд нийт зургаан медальтай эх орондоо ирсэн. Тодруулбал, ганцаарчилсан төрлүүдэд бүгдээрээ медальтай иржээ.
Мөн Швейцарь улсад болсон олон улсын мастеруудын тэмцээнд ОУХМ Ж.Удвал оролцож, бахдам сайхан амжилт үзүүлжээ. Ёслолын үеэр Монголын мастеруудын Биеийн тамир спортын хорооны тэргүүний ажилтан цол тэмдгээр есөн хүн шагнууллаа. Мөн Малайз улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзсан амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдадаа дурсгалын зураг, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.