DARDAS.MN

Time out

Чулуу түүж өнждөг хүүхэд насаа эргэхээр яарч явна

Дүнхэр дүнхэр уулс, царгиа долгилох Тэнгис минь би очиж явна. Сайрын чинь захад чулуу түүж өнждөг хүүхэд насаа эргэхээр яарч байна, би. Айлаас айлын хооронд хурд мэдэн уралдаж өссөн божин бор жаалууд, хүүхдийн аав…

Нийтэлсэн:

Чулуу түүж өнждөг хүүхэд насаа эргэхээр яарч явна

Дүнхэр дүнхэр уулс, царгиа долгилох Тэнгис минь би очиж явна. Сайрын чинь захад чулуу түүж өнждөг хүүхэд насаа эргэхээр яарч байна, би. Айлаас айлын хооронд хурд мэдэн уралдаж өссөн божин бор жаалууд, хүүхдийн аав, хүний хань болсныг үзэхээр догдлон явна. Үеийн охид гэрийн эзэгтэй, айлын бэр болсныг харахаар очиж явна аа.

Намартаа нүүдэл хөвөрч гуниг далладаг буйдхан талдаа яарсаар очно оо. Ажин түжин зуслангийн айлуудын хотонд үнээ мал мөөрөлдөж, үдшийн анир эвддэг уяхан үдшүүдийг бодсоор би нутагтаа тэмүүлэв. Ангир нургиж, чийг ханхийсэн өглөө нүдээ нухлан үнээний зэл рүү гэлдэрдэг эгэлхэн ахуйгаа санан охин нь очиж явна аа.

Хөлд орж, хүй цөглөсөн нутагтаа очиж явна, би.  Жавар тачигнасан өглөө нарны туяанд хялуу гялтганан  байдаг цэнгэг агаараа, цас орохоор дүнхэр тайга ажин түжин болчихдогийг бас төсөөлж байна. Ийн бодохтой зэрэгцэн өвлийн ойд цас нэвсийтэл дарах дүнсгэр байдал нүдэнд харагдах шиг уярал төрөх юм. Нутгаа мөн ч их санаж дээ. Ийм л цагаар цасанд явах гэж гараад ханатлаа гулгадаг байсан хүүхэд насаа санагалзан байна. Удлаа гэж өвлийн ойд цуурай татуулан нэрийг минь дууддаг ээжийгээ бас санаж явна. Охин чинь очиж явна шүү, ээжээ.

Холоос гийчин очиход хүүхэд хөгшидгүй цугладаг сайхан заншлаа санаж байна, би. Хүний өөрийнгүй үдэж мордуулахаар цугладгийг нь бас бодож явна. Харьж явна аа, нутагтаа. Хэзээ ирэх вэ гэж өнжөөд л нэг асуудаг ээждээ очихоор гарлаа. Хамар шархиран санадаг сайхан Тэнгис ижий хоёртоо очиж үнсүүлчихээд ирье. Малын бэлчээр, нуга хөндий, уул ус бүхэнд нь үлдсэн хүүхэд насаа эргэчихээд ирье. Сайхан нутаг минь хүлээж байгаарай. 

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29