Спорт
Чөлөөтийнхөн Буриадаас есөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга Юрий Власко агсаны нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ арваннэгдүгээр сарын 16-17-нд Буриадын Улаан-Үд хотод боллоо. Анхдугаар тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Красноярск, Якут…

Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга Юрий Власко агсаны нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ арваннэгдүгээр сарын 16-17-нд Буриадын Улаан-Үд хотод боллоо. Анхдугаар тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Красноярск, Якут, Тува, Кемерово, Новосибирск, Эрхүү, Хакасия, Междуреченск, Забайкальский, Красноярский крайгийн нийт 220 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.
Манай улсаас 40 гаруй тамирчин зодоглосноос хоёр мөнгө, долоон хүрэл, нийт есөн медаль хүртэв. 57 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д Красноярскийн “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогбадрах мөнгөн медаль хүртсэн юм.
Харин 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин М.Даваабанди, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ханбүргэд, 70 кг-д “Арслан” клубийн тамирчин Х.Хишигбат, 74 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Батзул, 92 кг-д “Аваргууд” академийн тамирчин Н.Шинэтөр, 97 кг-д “Харгант цамхаг” клубийн тамирчин Т.Мөнгөншагай, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэн болжээ.