Өдрийн хүн
Эр хүн хэлсэндээ шүү
“Тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй” гэдэг үгийг Ж.Энхбаяр гишүүнд хэвлэлийнхэн олон удаа сануулж буй. Гэвч тэр дахиад л дуугарав. Энэ удаа харин илүү улс төрийн зоригтой мэдэгдэл хийлээ. Өмнөх шиг ээ, “Би тэнэг юм. Бизнес…

“Тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй” гэдэг үгийг Ж.Энхбаяр гишүүнд хэвлэлийнхэн олон удаа сануулж буй. Гэвч тэр дахиад л дуугарав. Энэ удаа харин илүү улс төрийн зоригтой мэдэгдэл хийлээ. Өмнөх шиг ээ, “Би тэнэг юм. Бизнес хийж байсан хэдэн залуусыг хөлдөө чирчихлээ. Би тендер аваагүй. Бас концесс ч аваагүй. Зөвхөн ЖДҮХС-гаас үхэр өсгөх гэж мөнгө зээлсэн” гэсэн утга авцалдаагүй тайлбар өгсөнгүй. Ийм тэнэг тайлбар нь нэр хүнд авчрахгүйг мэдсэн учраас энэ удаа оноо авахад илүүтэй анхаарчээ. Өчигдөр тэр “УЕПГ-аас түдгэлзүүлэх санал орж ирвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн” гэж мэдэгджээ. Сайн байна, хэлсэндээ хүрээрэй. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг дээ.
Үнэхээр л улс төрийн эрх зориг гаргаж түдгэлзэж байгаад шалгуулж гэмээнэ таныг эр хүн гэж үнэлье. Харин УИХ-д Авлигын эсрэг лобби бүлэг байгуулж, шударгаа гайхуулж явснаа ЖДҮХС-гаас мөнгө авчихсан шиг хоёр нүүр гаргаж гэмээнэ дахин итгэх хүн олдох нь юу л бол. Шударга имиж бүрдүүлэхийг хүсэж байгаа л бол тэр замаараа л дуус гэж зөвлөе. Магадгүй эрх мэдэл, албан тушаалаас үргэлж хойно хоцорч, үлдэж мэдэх л юм. Гэвч ард түмний өмнө цагаан мөртэй явах нь 950 сая төгрөгөөс үнэ цэнэтэй гэдгийг сануулах нь илүүц биз ээ. 2020 оны сонгуульдаа бэлтгэж шоудлаа хэмээн шүүмжлэх хүн олон байгаа ч танд ичих нүүр үлдсэн бол энэ үгэндээ эзэн болоорой, өөр зүйлгүй дээ. Сайн эцгийн нэр нүүр байна даа. УИХ-д олон жил суусан зангаргаа бодсон ч хууль шалгана аа гээд ороод ирэхэд хулчийхгүй гэдэгт итгэж байна.