Улс төр
"Шинэ хоршоо"-г ХХААХҮЯ руу шилжүүлэх ёстой хэмээлээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр "Шинэ хоршоо" хөдөлгөөний зээлийн 1.2 их наядын зарцуулалтыг хүнсний салбарт чиглүүлж, салбар яам руу шилжүүлнэ гэж мэдэгджээ. Тэрбээр, "Миний харъяалах салбарт "Шинэ хоршоо"…

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр "Шинэ хоршоо" хөдөлгөөний зээлийн 1.2 их наядын зарцуулалтыг хүнсний салбарт чиглүүлж, салбар яам руу шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Тэрбээр, "Миний харъяалах салбарт "Шинэ хоршоо" багтдаг. Энд 894.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эргэлт, дээр нь Зээлийн батлан даалтын сангийн 300 гаруй тэрбум төгрөгийн баталгаа гэхээр үндсэндээ 1.2 их наяд төгрөгийн асуудал яригддаг.
Энэ мөнгийг зөв зохистой эргэлдүүлэх ёстой. Ялангуяа өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний инфяци 20 хувь дээр ирчихлээ. Тэгэхээр хүнс үйлдвэрлэгч, нөөц бэлтгэгч компаниуд руу дээрх зээлийн мөнгийг зарцуулах үүднээс ХХААХҮЯ руу шинээр тодорхойлсон бодлогын хамт шилжүүлнэ" гэсэн байна.
Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,578 шинэ хоршоо байгуулагдаж, 103,340 буюу нийт малчдын 33% нь шинэ хоршоонд гишүүнээр элссэн. Хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг 14 зориулалтаар гаргаж нийт 7,707 хоршооны гишүүн 26,437 малчин 894.8 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна. Зээлийн эргэн төлөлт 128.1 тэрбум төгрөгт хүрээд байгаа.
Зээлийн батлан даалтын сан улсын хэмжээнд нийт 13,769 зээлдэгчид 455.3 тэрбум төгрөгийн зээлд буюу нийт зээл авсан малчдын 52%-ын зээлдэгчдэд батлан даалт гаргасан байна гэх мэдээлэл байгаа юм.