Улс төр
Лу.Гантөмөр: Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 6890 ам.долларт хүрч, уул уурхайн өсөлт 10.8 хувьтай гарлаа
Эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр өнөөдөр яамны байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх тоон баримтыг өгсөн юм…

Эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр өнөөдөр яамны байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх тоон баримтыг өгсөн юм.
Лу.Гантөмөр сайд хэлэхдээ “Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 5.6 хувь гэж харж байсан ч оны эцсээр 4.9 хувьтай гарлаа. Нэрлэсэн дүнгээр эдийн засаг 89 их наяд, нэг хүнд ногдох ДНБ-ий тоо хэмжээ 6890 ам.долларт хүрчээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилго руугаа дөхөж чадлаа. Эдийн засгийг чирч буй уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай буюу нэлээд өндөр гарлаа.
5.6 хувьд эдийн засгаа хүргэж чадаагүй үндсэн шалтгаан нь алтны олборлолт төсөөлснөөс доогуур буюу таван тонноор бага байлаа. Эдийн засгийн өсөлтийн найман хувийг хадгалахын тулд алтны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Эдийн засгийн өсөлтөөс хойш татсан салбар бол хөдөө аж ахуйн салбар буюу уналт нь 28.5 хувь байгаа. 9.4 сая толгой мал хорогдсон байна. Боловсруулах үйлдвэр ахицгүй байлаа. Өнгөрсөн жил гурилын импортыг нээснээр дотоодын гурилын үйлдвэрлэл унасан.
Эрчим хүчний салбарт тодорхой хэмжээнд өсөлт байсан. Өнгөрсөн оныг 5.6 тэрбум ам.долларын нөөцтэйгөөр давлаа. Өнгөрсөн онд импорт огцом нэмэгдсэн. Импорт энэ жил дахиад нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний бүтээгдэхүүн дээр өнгөрсөн оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж байсан бол өнөөдөр 402 сая ам.долларын бараа импортолжээ. Суудлын автомашины импорт 16 хувиар нэмэгдлээ.
Валютын нөөц тогтвортой байгаа. 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шаардлага байна. Шивээхүрэнгээр тухайлбал экспортолж буй нүүрсний хэмжээг 10 сая тонноор нэмэгдүүлэх шаардлагатай. Булган, Байтаг боомтоо ашиглалтад оруулъя. Хил холболтоо эрчимжүүлж чадвал 100 сая тонноор нүүрсээ экспортлох Засгийн газрын үүрэг даалгавар биелэх юм” гэв.
Өнөөдрийн байдлаар нүүрсний биет хэмжээ долоон хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан учраас экспортын хэмжээ 10-11 хувийн уналттай явж байгаа аж. Уналтад БНХАУ-ын сар шинийн баярын урт хугацааны амралт нөлөөлсөн бөгөөд долоо хоногт огт худалдан авалт хийгээгүй асуудал нөлөөлснийг онцоллоо. Нөгөө талдаа Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноос зэсийн экспорт нэмэгдэхээс гадна зэсийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд тогтмол байгаа нь талархууштай үйл явдал болжээ. Оюутолгойн талбайд гэхэд л 200 сая ам.долларын зэс бэлэн байгаа бөгөөд энэ бүтээгдэхүүн хилээр гарлаа гэхэд 1.8 тэрбум ам.долларын нөөц байгаа гэлээ. Газрын тосны олборлолт нэмэгдэхгүй байгаа нь том асуудал бөгөөд цаашдаа олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ.
Лу.Гантөмөр сайд үргэлжлүүлэн “Зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн. Энэ дундаа цалингийн зээл хамгийн өндөр байна. Банкнаас гарч буй зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй иргэдийн тоо 350 мянгад хүрчээ. Энэ бол ноцтой асуудал. Өр, орлогын харьцаа 80 хувь хүрлээ. Нэг үгээр хэлбэл, олж байгаа мөнгөнийхөө 80 хувийг зээлэндээ төлж, 20 хувиар амьдарч байна.

Гэтэл энэ харьцаа 60:40 байх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийж байна гэсэн үг. Ойрын үед энэ асуудлыг СЗХороо шийдэх байх. Сүүлийн үед урьдчилгаагүйгээр зээл өгнө гэдэг реклам яваад эхэллээ. "PC mall"-ийн реклам олон хууль тогтоомжийг зөрчиж байна. Орлого нотлохгүй, өр авлагын харьцаа хамаагүй, хэдэн зээлтэй чинь хамаагүй вэ гэдэг реклам нь буруу зүйл. Санхүүгийн хариуцлага, сахилга баттай байя.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд эдийн засгаа солонгоруулах ёстой. Гэтэл хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд бизнесийн орчныг сайжруулах ёстой болно. Бизнесийн орчин гэж юу вэ гэвэл зах зээлийнх нь боломж ямар байгаа вэ гэдэг асуудал юм. Жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын сацуу зээлийн хүү бууруулах үндсэн шалтгаан нь зээлийн маргаан. Хүн зээл авчихаад төлдөггүй. Зээлийн маргаан нь шүүхээр 2-3 үргэлжилдэг. Гэтэл эрүүл зээл төлж байгаа хэсэг нь тэрхүү зээлээ төлөөгүй нөхрийн өртгийг төлдөг. Хүү өндөр байгаа үндсэн шалтгаан энэ юм. Зээл аваад төлөөгүй бол гэрээний гүйцэтгэл шууд явдаг болъё. Маргаан байвал дараа нь марга.
Нөгөөтээгүүр, маргаан шийдвэрлэх хугацаа хэтэрхий урт байна. Зургаан жил маргалдаж байна. Шүүхийн шийдвэр нь биелдэггүй. Монголчууд ерөөсөө хууль биелүүлдэггүй гэдэг асуудал байгаа учраас том хөрөнгө оруулалт наашаа харахгүй байна. Тиймээс Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэ төсөл дээр ажиллаж байна. Ард иргэдээр хэлэлцүүлнэ. Өнөөдөр ямар гэрээ контакт хийсэн байна тэр нь дараа хөдөлдөггүй буюу “Монголын за бол андгай буй за” гэдэг зарчмыг хөрөнгө оруулалтын орчинд баримтлах талаар энэ хуулийг өөрчилнө. Одоо гарч буй маргаанууд хууль эрхзүйн орчноо өөрчилсөн, хөдөлгөснөөс үүдэлтэй байгаа. Хөрөнгө оруулагч тухайн үеийн хууль, олон улсын гэрээний дагуу ажлаа хийгээд явж байтал бид хуулиа өөрчилчихдөг. Тэрийгээ нөгөөхөөсөө шаардаад, маргалддаг” хэмээлээ.
Монгол Улсын тухайд
-Бизнес эхлүүлэхэд таатай улс орны жагсаалтад 190-ээс 100-д /Долоон үе шат дамжиж, хамгийн багадаа 10 хоног зарцуулж буйг гурван үе болгох/ 4
-Барилгын зөвшөөрөл авахад 190-ээс 29-т /17 үе шат дамжиж, 137 өдөр зарцуулж байгааг найман үе шаттай болгож, хугацааг 70 өдөр болгох/
-Эрчим хүчний холболтын тухайд 190 орноос 152-т буюу хамгийн хүнд /Найман үе шаттай, 79 өдөрт 70 гаруй сая төгрөг зарцуулж холбогдож буйг өөрчлөх/
-Зээл авах асуудлаар 190 орноос 29-т байгааг өөрчлөхөөр тус тус ажиллаж байгааг мөн салбарын сайд дуулгалаа. Өр авлагын харилцааг барьж явахгүй бол Монгол Улсын иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байгааг мөн Л.Гантөмөр сайд онцоллоо. Тэрбээр, “Тухайн хүний орлого, өр төлбөрийн харьцаа өндөр байж болохгүй. Орлогынхоо 50-60 хувиас илүү гараад ирвэл хүн өрөө төлж чадахгүйд хүрнэ.
УИХ-аас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталж, үр ашиггүй, хүнд суртал үүсгэж буй зөвшөөрлүүдийг цуцалж, цахимаар зөвшөөрөл авах асуудлыг тусгаж өгсөн ч зарим сайд, дарга нар гуйвуулж буйг мөн шүүмжиллээ. Уг нь энэ хуулийг батлахдаа автоматаар буюу хиймэл оюун ухаанаар зөвшөөрөл олгохоор хуульчилжээ.