Спорт
Г.Болор-Эрдэнэ: Охиндоо өгсөн амлалтдаа хүрч, алтан медаль авлаа
БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам үргэлжилж байна. Тус наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ…

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам үргэлжилж байна. Тус наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болов. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний эхнэр амаржаад нэг сар болсон. Би охиндоо Ханжоугийн Азийн пара наадмын алтан медалийг амласан. Аав нь охиндоо өгсөн амлалтдаа хүрсэндээ баяртай байна. Мөрөөдлийнхөө 50 хувийг биелүүллээ. Одоо надад Парисын олимп үлдлээ. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.
Түүний өрсөлсөн жинд Иран мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчин хүрэл медалийн тавцанд гарлаа. Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг зөвхөн таеквондогийн төрөлд нэг алт, нэг мөнгөн медальтай болж байна. Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт тамирчин юм.