Спорт
Камила Валиева уран гулгалтын ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө
Бээжингийн өвлийн олимпын тод чимэг болсон ОХУ-ын уран гулгалтын тамирчин, 15 настай Камила Валиева багийн төрөлд дөрвөн эргэлтийг амжилттай гүйцэтгэснээр ОХУ-ын баг алтан медалийн болзол хангасан юм. Өнгөрөгч…

Бээжингийн өвлийн олимпын тод чимэг болсон ОХУ-ын уран гулгалтын тамирчин, 15 настай Камила Валиева багийн төрөлд дөрвөн эргэлтийг амжилттай гүйцэтгэснээр ОХУ-ын баг алтан медалийн болзол хангасан юм. Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр багийн төрөлд амжилттай оролцсон тамирчдад медалийг нь гардуулах байсан ч хойшилж, Камила Валиевагийн шинжилгээний хариу эргэлзээтэй гарч, хориотой бодис илэрсэн нь ил болсон билээ. Түүний сорьцыг Шведийн лабораторид шинжилсэн гэх.
Түүний шээснээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрснийг “РУСАДА" буюу Оросын допингийн эсрэг үндэсний агентлаг зарлаж, эрхийг нь ч түдгэлзүүлсэн байдаг. Гэвч Камила давж заалдсан учраас “Русада” гаргасан шийдвэрээ хүчингүй болгосноо зарласан ч ямар шалтгааны улмаас гэдгээ олон нийтэд мэдэгдээгүй билээ. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр ITA албан ёсоор Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрснийг мэдэгдэв.
Олон улсын олимпын хороо “Камила Валиеваг бэлтгэл хийх, олимпод оролцохыг зөвшөөрсөн Оросын гаргасан шийдвэрийн эсрэг давж заалдаж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Бид допингийн эсрэг 100 хувь бодлого баримтална. Камила Валиеваг дахин тэмцээнд оролцохоос өмнө шийдвэрээ гаргана” хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр Спортын арбитрын шүүх (CAS) Камила Валиевагийн талд шийдвэр гаргажээ. Валиева Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд өрсөлдөх боломжтой болж байна гэсэн үг. Камила Валиеваас олимпын хүрээнд авсан бүх шинжилгээ цэвэр гарсан байхад ОХУ-д оролцсон тэмцээнээс нь хориотой бодис илэрсэн гэдэг нь улс төрийн золиос болсон байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.