ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дуулж, дурлаж дураараа амьдар

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-28

Айдаг... Хүйтэн харц хүчээр малилзан худлаа инээхээс айдаг. Хөөрхөн гэж үнэндээ бодоогүй мөртлөө хөөрхөн шүү гэдэг хүмүүсээс айдаг. Хайртай гэдэг үгнийхээ үнэ цэнийг огт мэдэрдэггүй атлаа “хайртай шүү” гэдэг хүмүүсээс ч айдаг. Өчигдөр мөрийг минь түшээд уйлж, суусан нэгэн өнөө өглөө огт танихгүй ширэв татаад өнгөрөхөд айдаг юм.

Ээж шиг минь хүн гудамжинд архины шил тэврээд унтчихсантай таарахаар айдаг. Дүү шиг минь хүн гуйлга гуйгаад дуулж суухад айдаг. Хөөрхөн охидын сүрчигний араас муу санаа үнэртэхээс айдаг. Хээнцэр залуугийн сайхан харцан дор худал нуугдахаас айдаг...Айдаг юм шүү.

Тэгээд өөрөө ч мэдэлгүй худлаа инээж сурчихсанаасаа бүүр ч их айдаг. Инээхийг хүсээгүй мөртлөө огт худлаа инээхээсээ л хамгийн их айдаг. Хүн хүнээрээ л байж болдоггүй ертөнц юмсан уу. Дуулж, дурлаж, дураараа амьдармаар. Уярч, уйлж, зангирч, догдолж, дэрвэж гүймээр. Хүн гэдгээ мэдэрч хүлээснээс алдуурмаар. Гэвч “хэн юу гэх бол” гэх хүлэг гар хөл, нүд бүр сэтгэл зүрхийг ч хүлж орхих. Ганц л удаа амьдрах байж, ганцхан удаа л залуу явах байж бид биесээ юунд ийн хүлнэ вэ. Олноос өөрийгөө олж харахгүй, мэдрэхгүй, сонсохгүй явсаар нэг л мэдэхэд ганц олдох амьдралд баяртай гэж хэлэх үе ирчихсэн байх вий.