ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний нар

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-30

Түргэн тусламжийн тэргээр ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, ээж болох гэж тэмцэж байсан минь тэртээх 13 жилийн өмнөх явдал. Даралт ихтэй гэдгээ мэдэхгүй явж байгаад ухаан алдчихсан намайг яаралтай хагалгаанд оруулж ээж, хүү хоёрын халуун амийг аварсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон, эмч ажилтнуудад одоо ч баярлаж, талархаж явдаг юм. Ингэж л би ээж гэсэн эрхэм алдрыг хүртэж байлаа. Өдгөө миний нар 13 нас хүрчээ. Хүүгийнхээ хонгор шаргал толгойг үнсэх тэр мөчид бүх л өвчин, зовлон минь алга болох шиг болж билээ. Эмэгтэй хүн бүхний амьдралынх нь утга учир бол ээж болох. Ээжээ гэж хэлд орж, гэрийн хоймор мөлхөх нялх үрийнхээ өдөр өдрөөр өсч буйг харах нь эх хүний хувьд хэчнээн жаргал гэж санана аа.

Хүү минь ээждээ тормойсон алаг нүдэн дүүгээ дагуулсаар ирсэн юм. Сахилгагүй бяцхан дүүгийнхээ гаргаж буй ааш бүхнийг тэсч, тийм гэж хэлэхийн аргагүй их хайраар дүүгээ хайрлана. Загнаж зэмлэх үед минь аав, ээж хоёроосоо өмгөөлнө. Бүдэрч унаад уйлахад нь өөрөө уначихсан юм шиг л сандарч, аргадаж суудаг юм. “Дэнхийсэн том ах нь байж, наадхаа дүүдээ өг, дүү чинь идэх ёстой” хэмээн заримдаа хүүгээ загнах үе олон бий. Тийм муухай ааш гаргадагт минь ээжийгээ өршөөгөөрэй, хүү минь. Чи нялх дүүгийнхээ түшиг нь юм шүү. Алдахад нь зэмлэж, амжилт гаргахад нь хамгийн түрүүнд баярлаж, гуних үед нь аргадах тийм л нөмөртэй том ах. Охин дүүгээ л өмгөөлж, хүн гомдоовол өмгөөлөх уул шиг түшиг нь чи байх болно. Чам шиг ахтай гэдгээрээ дүү чинь үргэлж баярлаж, бахархаж явах нь дамжиггүй. Намайг өмгөөлөх ах бий шүү гэж бардам хэлээд зогсож байх болно.

Нялх хонгор дүүгээ загварын тайзнаа алхуулж, бизнес хийгээд бүх палажийг нь бэлтгэж өгнө, өдөр болгон хамгийн тансаг даашинз бэлэглэнэ хэмээн ярих тэр сэтгэл чинь хэчнээн аугаа гэж санана аа. Ээж нь чамаараа ямар их бардамнаж, гоёдог гэж бодно оо. Орчлонд надад ирсэн хоёр нархан минь маргааш баяраа тэмдэглэнэ. Долдугаар ангийн “том” ах болсон ч үр минь бяцхан дүүтэйгээ зэрэгцээд л бэлгээ хүлээж суугаа. Чи минь ээжийнхээ нар юм шүү хүү минь. Загнаж, зэмлэх минь чамайгаа сайн хүн болоосой гэж хүссэнийх байдаг юм. Зөв амьдарч явбал ижий, аав хоёрынх нь сэтгэл амгалан байх учраас тэр юм. Зөөлхөн сэтгэлтэй үр чамаараа ээж нь үргэлж гоёх гэж боддог учраас тэр юм. Миний хүү хамгийн чухал нь сайн хүн болдог юм шүү. Бусдыг хайрладаг, энэрдэг, тусладаг тийм л эр хүн болгохын тулд би ч хичээж явна, чи минь ч бас хичээгээрэй. Хоёр бурхандаа баярын мэнд хүргэе. Орчлонд ирэхдээ намайг сонгож, ээж гэсэн эрхэм алдрыг надад өгсөн та хоёртоо аав, ээж нь бүхий л амьдралаа зориулах болно оо.