ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1.3 сая жолоочийн 300 мянга нь жолоодох эрхээ хасуулжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-22

Одоогоос 90  жилийн өмнө Засгийн газрын тогтоолоор  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм батлагдаж байжээ. Энэ түүхэн өдрийг  тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тавдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр Автотээврийн үндэсний төв, Иргэний агаарын тээвэр дахь цагдаагийн газар,  Төмөр зам дахь цагдаагийн газар,  ЦЕГ-ын бүртгэл хяналтын төв, Албан журмын даатгалчдын холбоо, “Амин хариуцлага” ТББ-ууд оролцож,  осол  гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар  зөвлөгөө мэдээлэл  өгөв. Мөн жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, зэрэг зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Мөн автомашины дугаарын давхцлыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор үзүүлэв. Тухайлбал, Автотээврийн үндэсний төв мэргэшсэн жолооны үнэмлэхтэй холбоотой асуудал, үзлэг оношилгооны тухай, Бүртгэл хяналтын төвөөс жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой эрх зүйн мэдээлэл болон үнэмлэх захиалах бүртгэл хийж байлаа.

 

Өдөрт дунджаар 70 орчим хүн жолоодох эрхээ хасуулдаг

Улсын хэмжээнд жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн,  эрхээ хасуулсан  иргэд маш их байдаг учраас өдөрлөгт энэ төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй иргэд их байлаа. Эрхээ сэргээлгэх зорилготой ирсэн иргэд шалгалт өгч бус, сургалтад хамрагдсанаар эрхээ сэргээлгэдэг болсныг ч мэдэж авсан юм. Өөрөөр хэлбэл, өмнө жолооны эрхээ хасуулсан бол шалгалт өгдөг байсан. Харин шинэ журмаар эрх бүхий жолооны сургуульд 4-6 цагийн сургалтад сууж, мэдлэгээ бататгах маягаар эрхээ сэргээлгэдэг болжээ. Сургалтын төлбөрийн тухайд, ямар жолооны сургууль байхаас хамаарч 20-30 мянган төгрөг юм байна. Сургалтад бүртгүүлэхийн тулд жолоодох эрхээ хасуулсан тухай ТҮЦ машины лавлагаа, эрүүл мэндийн хуудас, төлбөрийн хамт очиж бүртгүүлнэ. 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэж машин жолоодсон 50 орчим жолооч илэрдэг аж. Дээрээс нь хурд  хэтрүүлсэн 10-25 жолооч эрхээ түдгэлзүүлэх асуудал үүсч байгаа. Тэгэхээр өдөрт дунджаар 70 орчим хүн жолоодох эрхээ хасуулдаг гэсэн судалгааг албаны хүмүүс гаргажээ. Зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар торгох бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг жилээр эрх хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог. Харин хурд хэтрүүлсэн тохиолдолд 3-6 сар эрх хасна гэсэн хуулийн заалт байдаг талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэв. Тэрбээр үргэжлүүлэн, “Зам тээврийн осолд орж байгаа хүмүүс дүрмээ мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. Тиймээс шалгалт бус, сургалт зохион байгуулж эрх сэргээнэ. Хасуулсны дараа хэрхэн сэргээх биш, хасуулахаас өмнө бодож, хайртай бүхнээ хамгаалцгаагаарай гэж уриалмаар байна.” гэлээ. Манай улсад 1.3 сая орчим жолооч байгаагаас 300 орчим мянга нь жолоодох эрхээ хасуулсан байна. Хурдыг 50-90 хувиар хэтрүүлсэн,  эсрэг урсгалд орсон , улсын дугаар тэмдэгтийг буруу ашигласан, согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ автомашин жолоодсон тохиолдолд эрх хасдаг аж. 

Мөн иргэд жолооны үнэмлэхний хэвлэлтийн талаар лавлаж байлаа.  Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хууль батлагдаж, дүрэм шинэчлэгдсэнтэй холбогдлуулан өөрчлөлт хийсэн учир техникийн саатал гарсан. Үүнээс шалтгаалж жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан ч, цаашид хэвийн байна гэлээ. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн цагдаагийн дэд хурандаа Ч.Батболдоос тодруулахад, “Одоогоор 50 орчим мянган иргэний жолооны үнэмлэхний хэвлэлт бэлэн болсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн түр үнэмлэх хэвлэл үйл ажиллагаанд шилжсэн байсан учраас 2018 оны 10-12 сарын жолооны үнэмлэхүүдийг хэвлээд тараалтад өгсөн. Одоо нэгдүгээр сарын үнэмлэх хэвлэж байгаа. Зургадугаар сард багтаан бүх хүсэлт гаргасан жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

 

Төмөр замын цагдаагийн газар иргэдийн даралтыг үзэх үйлчилгээ үзүүлэв

Нээлттэй хаалганы өдөрлөгт Төмөр зам дахь цагдаагийн газар халуун өдөр байсан учир, иргэдийн эрүүл мэнд, даралтыг үзэв. Эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна, төмөр замын ослоос урьдчилан сэргийлэх, төмөр замын гарам нэвтрэх журмаар сургалт сурталчилгааны чиглэлийн ажлыг зохион байгууллаа. Иргэдийн хувьд “Галт тэрэг ирнэ хэмээн анхаарах дохио өгөөд байхад амжина гэж зүтгэдэг. Гэтэл тэрний цаана ямар том аюул,  эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч байдгыг боддоггүй. Энэ бүхнээс сэргийлэх мэдээллийг түлхүү  өгч байна” хэмээн Төмөр зам дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өнөртөгс учирлав. 
Өнгөрсөн жил төмөр замын гарамд  машин осолдсон хэд хэдэн тохиолдол гарсан. Иргэд, жолооч нар төмөр замын гарам нэвтрэх журмын талаарх  мэдлэг дутмаг, мэдсэн ч нэг хором тэвчиж, хүлээж чаддаггүйгээс энэ төрлийн осол  гардаг аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар төмөр замын гарамд гарсан ослын 70-80 хувийг иргэдийн буруутай, тэвчээргүй,  хайхрамжгүй үйлдлээс болдог байна. Харин осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн жилүүдэд гармын тоноглол, дохио,  тэмдэг тэмдэглэгээг сайжруулах арга хэмжээг ихээхэн авч байгаа талаар мэдээллээ.

 

Хамгаалалтын суудал нь ослын үед хүүхэд амиа алдах эрсдлийг 90  хувиар бууруулдаг

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Тээврийн цагдаагийн газруудаас гадна зарим ТББ-ууд үйл ажиллагаагаа танилцуулж байлаа. Тухайлбал, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчилан таниулах зорилготой “Амин хариуцлага”  төслийнхөн үйл ажиллагаа танилцуулав.

2018 оноос хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд “Суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд тохирсон зориулалтын суудал буюу, хамгаалах хэрэгсэл ашиглана” хэмээн тусгасан. Гэвч тус хууль бүрэн хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс “Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг”-ээс “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 

“Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг”- ийн гишүүн М.Маралмаа “Эцэг, эхчүүд хүүхдийн хамгаалах хэрэгсэл, суудлыг тоолгүй, торгууль төлөх төдий аргацааж өнгөрч байна. Тиймээс бид эцэг, эхчүүдэд хүүхдийн суудлаа худалдаж аваач ээ гэдэг уриалгыг хүргүүлж байна . Үнэхээр боломжгүй бол бид гадаадад байгаа монголчуудыг оролцуулаад суудал цуглуулах хандивын аян зохион байгуулж байгаа. Ирэх наймдугаар сард суудлууд ирнэ гэж тооцож байгаа бөгөөд хүсэлтийн дагуу хүүхдийн өсөлт жинд нь тохирох суудлыг түр ашиглуулах юм. Хүүхэд томорход, дараагийн хүнд нь түр ашиглуулах маягаар явах төсөл  санаачлаад хэрэгжүүлж байна” гэлээ. 

Хамгаалалтын суудлыг тогтмол ашиглах нь зам тээврийн ослын үед хүүхэд амь насаа алдах эрсдлийг 90 хүртэлх хувиар, хүнд гэмтэх эрсдлийг 75 хувиар буруулдаг аж.  2019 онд Нийслэлийн хэмжээнд нийт осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь тээврийн хэрэгслээр зорчих үедээ гэмтэж бэртсэн гэсэн судалгаа гарсан. Энэ нь  эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийг буруу тээвэрлэсээр байгааг харуулж байна.

10 км/цагийн хурдтай явахад огцом зогсвол бүс зүүсэн үед аюулгүй, зүүхгүй бол бэртэж, гэмтэх аюултай.

Мөн энэ өдөр “Бяцхан зорчигч аян”-ы нээлт болж байгаа юм. Энэхүү аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт явуулж, эцэг, эх, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх аж. Аяны нээлтийн үеэр 55, 57, 119 дүгээр цэцэрлэгийн багачууд “Ногоон гэрэл, цагаан шугам” уралдаанд ажилттай оролцож, тэргүүлсэн үзүүлбэрүүдээ үзүүлсэн нь онцлох үйл явдал байв.

Албан журмын даатгалчдын холбооноос “Жилд дунджаар 30 орчим  мянган тээврийн осол гарч,  түүний улмаас 15-16 тэрбум төгрөгийн хохирол учирдаг. Даатгуулагчдын хувь оруулсан мөнгөнөөс эдгээр эрсдлийг барагдуулж хэвшжээ.Энэ нь манай улсын хэмжээнд томоохонд тооцогдох даатгалын эрсдлийг барагдуулж байна. Энэ ажиллагааг цаашид  улам боловсронгуй болгох, ялангуяа замын хөдөлгөөнд  оролцогчдын  соёлыг дээшлүүлэх шаардлагатай. Ингэснээр осол зөрчлийн тоо  буурна гэж үздэг” талаар иргэдэд мэдээлэл өглөө. Иргэдийн хувьд  энэ төрлийн сурталчилан таниулах үйл ажиллагааг ойр ойрхон зохион байгуулах хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа.