ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сургууль, цэцэрлэгийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө

O.Admin
2019-05-21

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 3 ээлжийн сургуульгүй болох, хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралд НБГ, дүүргийн боловсролын хэлтсийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

  Ирэх есдүгээр сарын 1 гэхэд нийслэлийн хэмжээнд 13 сургууль, 29 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар урьдчилсан тооцоо гараад байна. Хурлаар хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд ирэх есдүгээр сарын 1, арванхоёрдугаар сарын 31 гэхэд ашиглалтад орох сургууль,  цэцэрлэгийн нэр байршлыг тодорхой болгож, хугацаанд нь ашиглалтад оруулах, өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажил эхлээгүй газруудын шалтгаан нөхцөлийг нарийвчлан гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах үүрэг чиглэлийг дэд сайд өглөө.

  Түүнчлэн түүхий нүүрс түлэхгүй байхтай холбоотой Засгийн газрын шийдвэрийн дагуу сургууль цэцэрлэгийн уурын зуухнуудыг сайжруулсан түлшээр хангахад үүсэх давуу тал, эрсдэлийн судалгаа, 3 ээлжтэй сургуульгүй болох зорилгоор дүүрэг бүр нутаг дэвсгэртээ байгаа сургуулийн зориулалт, стандартыг хангасан түрээслүүлэх барилга байгууламжийн судалгааг нарийвчлан гаргахыг үүрэг болголоо. 

  Хөрөнгө оруулалтын ажил бүрд дүүрэг нийслэлээс мэргэжилтэн томилж, чанартай хугацаанд нь гүйцэтгүүлэх, хяналт тавих, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх ажлыг хариуцуулахаар боллоо.