ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үр тарианы тариалалтын явц  40.6 хувьтай байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх ёстой аж.

Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэлжээ.

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой юм байна.

Тавдугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган га-д үр тариа, үүнээс 149.4 мянган га-д улаанбуудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д тэжээлийн, 15.1 мянган  га-д тосны ургамал, нийтдээ 182.9  мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц  40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай байгаа ажээ.

Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь 5 дугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалтын ажил хэвийн эрчимтэй явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198  аж ахуйн нэгж, иргэнд   62  тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ  2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, 2 иргэнд зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр,  45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2 талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож эхэлжээ.  “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд  171.0  сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа юм байна.