ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Умард Солонгос эмэгтэйчүүдийг Хятадад худалдаж байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-21

Умард Солонгосын мянга мянган охид, эмэгтэйчүүдийг БНХАУ-д авчран боолчилж, хүчээр биеийг нь үнэлүүлж, заримыг нь эхнэргүй хятад эрчүүдэд худалдан борлуулж байгаа талаарх шинэ баримт дэлгэлээ. Уг баримтыг Лондонд төвтэй  “Солонгосын ирээдүйн санаачилга” гэх эрэн сурвалжлах байгууллага юу ч идэж уухгүйгээгээр хүчээр бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүд, хүчиндүүлсэн 12-оос доош насны хохирогч охидын мэдээлэлд үндэслэн эл цочирдом баримтыг олон нийтэд дэлгэсэн байна. 

Өмнө нь энэ мэт үйлдэл гардаг байсан ч, сүүлийн жилүүдэд БНХАУ дахь эрэлт, хэрэгцээ өссөний улмаас асуудал улам хурцдах болсон аж. 

Одоогоор энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн, яг өнөөгийн байдлаар хэчнээн тооны эмэгтэй Умард Солонгосыг орхиж, Өмнөд Солонгосын хилийн гадна байгаа талаарх нарийвчилсан тоон мэдээлэл байхгүй байгаа юм. НҮБ-ын 2014 оны тайланд гагцхүү хүмүүнлэгийн байгууллагын мэдээллээр хэдэн арван мянган умард солонгосчууд Хятад руу дүрвэсэн гэх тоо дурьджээ. Гэхдээ “Солонгосын ирээдүйн санаачилга” байгууллага уг тоог няцааж, аль хэдийнэ 200 мянгад хүрсэн гэдгийг онцоллоо. 

Тус байгууллага хүний эрхийн хохирогчид, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн, БНХАУ  руу дүрвэсэн нийт умард солонгосчуудын 60 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд бэлгийн боолчлолд өртөн, худалдагдаж байгааг дурьджээ. 

Мэдээлэлд “Өмнө нь Хятад улс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан. Саяхнаас улс төрийн түвшинд ч туслалцаа үзүүлж байгаа. Гэхдээ Умард Солонгос охид, эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолд өртүүлж, худалдан борлуулж байгаад харамсч байна. Мөн хэргийг илрүүлсэн ч, оноож буй шийтгэл нь хангалтгүй. Хятад даяарх бэлгийн мөлжлөг, худалдаа, алслагдсан хот суурингуудад худалдаалагдаж, аврал эрсэн охид бүсгүйчүүд, Умард Солонгосын дэглэм энэ бүгд бодит зүйл” хэмээжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ч хүний эрхийн байгууллагууд 98 хуудас бүхий тайлан гаргасан байдаг бөгөөд түүнд мөн л БНХАУ дахь умард солонгос бүсгүйчүүдийн эрсдэлтэй нөхцөл байдлыг тусгасан байжээ. 

Энэ мэдээллийг олон нийтэд зарлахын тулд “Солонгосын ирээдүйн санаачилга” эрэн сурвалжлах байгууллага хоёр жилийн турш судалгаа хийсэн байна. Энэ дагуу бэлгийн боолчлолд өртсөн, худалдагдсан хүчирхийлэлд өртсөн нийт 45 хохирогчтой уулзаж ярилцжээ. Хохирогч­дын ярьснаар, БНХАУ-д охидын биеийг нь үнэлүүлж, худалдаалдаг маш том бүлэглэл байх бөгөөд тэд хоорондоо харилцан уялдаа холбоотой ажилладаг аж. БНАСАУ ОХУ болон БНХАУ-аас гол мөрөн, зэвсэгт харуулаар тусгаарлагдан оршдог. Эдийн засгийн хямрал, өлсгөлөн, хүний эрх хамгийн их зөрчигддөг хаалттай улсын иргэд зөвшөөрөлгүйгээр хилийн дээс алхах нь хууль бус үйлдэл билээ. Гэвч, амь насаа дэнчин тавьж, эх орноо орхисон Умардын дүрвэгсдийг энэ мэт эрсдэл тойрохгүй дайрсаар байгаа юм. 

БНХАУ 2016 онд нэг өрх-нэг хүүхэд бодлогоо цуцалж буйгаа зарласан байдаг. Учир нь эл бодлогын уршгаар хүн амын жендэрийн харилцаа алдагдаж, эрчүүдийнх нь тоо эмэгтэйчүүдээс даруй 33 саяар давсан үзүүлэлттэй гарсан юм. Үүний улмаас алслагдсан бөглүү хөдөөгийн эрчүүдэд эхнэр олдохгүй тул хөрш зэргэлдээх ядуу буурай орноос эхнэр худалдан авах тохиолдол байсаар байна. Харин энэ хэрэгцээг нь хүний худалдаачид ашиглан Умард Солонгос эмэгтэйчүүдийг боолчилж, худалдаалах болжээ. Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, эл этгээдүүд БНСУ руу дүрвэхэд нь тусална хэмээн худал амлаж, улмаар Хятадад аваачин зардаг байна.