ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүйн ээж

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-12

Жамбалын Ишваанжил хэмээх энэ эрхэм Анагаах ухааны дунд сургуулийг  1960 онд эх баригч бага-эмч мэргэжилтэй төгсөөд, Архангай аймгийн Тариат суманд сум дундын эмнэлэг анх байгуулагдахад тэнд эх баригч эмчээр очиж ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр өдгөө нийслэлд тухлан буй.  Ж.Ишваанжил гуай Тариат сумын сум дундын эмнэлэгтээ 12 жил ажиллаад,  1972 онд Хангай суманд шилжин очжээ.

Улсад 46 жил хөдөлмөрлөн эх баригч ховор, тэр бүү хэл эмэгтэйчүүдийн эмч ч ховор байсан болохоор хөдөөгийн сумдад ажиллаж,  1991 онд тэтгэвэрт гарлаа хэмээн тушаал гарсан ч эргэж ажлаа үргэлжлүүлэн хийсээр 1997 онд албан ёсоор суужээ. Гэсэн  хэдий ч нийслэлд ирээд цэцэрлэгийн эмч хийжээ. 2009 оны есдүгээр сарын 1 гэхэд  73 нас хүрээд ёстой л тэтгэвэртээ суусандаа хэмээн инээмсэглэх энэ буурал таван хүү дөрвөн охины ээж. 

Анх сургууль төгсөж очоод нэг ч их удалгүй эх барьж авсан анхны хүүхэд минь өдгөө 60 хүрч байна даа хэмээгээд өөрөө ёстой л жаран настан шиг хөнгөн шингэн нааш цааш алхах. Арга ч үгүй юм. Түүний хоёр эгч нэг нь 90 гарчихсан, нөгөөх нь 90 дөхөж яваа хоёр буурал дэргэд нь байхад хамгийн бага дүүгийн хувьд хэдий 85 нас зооглосон ч тэднийхээ гар хурууны үзүүрт гүйх ёстой хэмээн Ж.Ишваанжил гуай маань хуучилна. “Насандалай гэж манай суманд нэг багш байлаа. Түүний гэргий Гарамжав төрөхөөр ирдэг юм байна. Төрөх гэж буй залуухан тулгар ээжийг эх барих гэж буй би гэдэг бас шинэ хүн. Тэгээд төрөх гээд тэр бүсгүй маань их удлаа. Сэвчи тавьж байж арай гэж төрүүллээ.

Тэгсэн хүүхдийнх нь яг цохон дээр сэвчийнд хавчуулагдсаны мөр улайсан духтай хүүхэд гараад ирсэн. Айсан гэж яана вэ. Тэгээд тэр чигээрээ улаан цохтой юм болчих вий дээ гээд л хүйтэн жин тавиад байсан чинь 2-3 хоноод зүгээр болчихож билээ” гэж анхны хүйг нь боосон хүүхдийнхээ тухай дурсахдаа яг л тэр үедээ очсон мэт гэмшингүй ярьж билээ. Ж.Ишваанжил гуай 1997 оны зургадугаар сарын 1-нээс амралтаа аваад явахаасаа өмнөхөн л отгон хүүхдээ эх барьж авсан. Энэ хооронд 6000 гаруй хүүхэд эх барьж авсан.

“Би эх баригч хийхгүй ээ” хэмээн хэлж эх барихынхаа хичээлээс жаахан хойргоших шинжтэй жаахан охиныг  Лувсандагва багш нь “Чи өөрийн эрхгүй л хийнэ дээ. Хөдөө очоод хийхгүй хаашаа зайлах вэ” гээд л хамаг л мэддэг бүхнээ зааж сургасан нь түүний амьдралд ямархан их гавъяа байсан гэх вэ. Тухайн үед эмчилгээний ангийнхан дөрвөн жилээр, эх барихын ангийнхан гурван жилээр суралцаж төгсдөг байжээ. Анх оюутан байхдаа хотын нэгдүгээр амаржих газарт дадлага хийж хүн яаж төрдгийг харсан тэр мөчид айх гэхээсээ илүүтэй “Ээж минь энэ олон хүүхдийг ингэж л зовж төрүүлээд,  хүн болгож дээ гэж бодохоор ээжийгээ л хачин их өрөвдсөн дөө” хэмээн тэр үеийн дурсамжаа хуваалцлаа.

Миний ээж чинь намайг оюутан байхад бурхан болчихсон байсан. Ээжийгээ хачин их өрөвдсөн гэж Ж.Ишваанжил гуай хэлэхдээ хоолой нь зангирч байв. Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Мөрөн сумын төдийгүй Өндөр-Улаан сумаас хүртэл Ж.Ишваанжил гуайгаар хүүхдээ эх бариулна аа гэсээр ээж нар ирж, түүний гар дээр төрсөөр нийтдээ 6000 гаран хүүхдийн хүйн ээж болжээ.

“Тэр үед буюу одоогоос тавин жилийн өмнө сум дундын эмнэлэг ганц тэрэгтэй. Тэр нь ийш тийш дуудлагад явчихна. Ийм үед морин тэргээр, мориор, тракторын толгойд суугаад дуудлагад явах энүүхэнд. Унаа олдохгүй бол хорь гаран км газар багажтай цүнхээ үүрээд явган гүйх ч тохиолдол бишгүй л гарч байжээ. Сүүлдээ мотоцикль гарч түүгээр явах бол хурдан унаатай залгаж байна л гэсэн үг. Хангай сум бартаа ихтэй, Гичгин бригад гэхэд л сумаасаа 200 гаруй км шүү дээ.

Зарим үед явсаар очтол өнөө эх нярайлах хариу мөдгүй болчихсон байна. Тэгээд л гэрт нь төрүүлэх тохиодол цөөнгүй л тохиолдоно. Нэг удаа 1980-аад оны эхээр Чандмань бригадаас дуудлага иржээ. Энэ бригад сумаас нэг их холгүй, хорин хэдэн км. Яваад очтол эх төрөх болчихсон, гэтэл хүүхэд нь тэс хөндлөн байрлалтай байдаг. Аймаг руу дуудлага хэлүүллээ. Бас сум дундын эмнэлэг дуудлаа. Дуудлагын тэрэг өөр дуудлаганд явчихсан байдаг. Өнөө эхийн биеийн байдал дордоод ирлээ.

Тэгээд яахав дээ хүүхэд ч нэгэнт өнгөрлөө, эхийг нь л амьд авч үлдэхсэн гээд гараа хийгээд л эхийн хэвлийд нь хүүхдийг нь эргүүлсэн дээ.Тэс хөндлөн хүүхэд чинь зүтгэсээр байгаад айхтар том цус хурчихсан байсан шүү. Тэгээд ямартаа ч хоёр яс салгаад эхийнх нь амийг авч үлдэж чадсан. Төд удалгүй манай Тариатын сум дундын эмнэлэгт хотоос очоод байсан Янжмаа эмчийг дагуулаад Тариатын ерөнхий эмч Батчулуун ирсэнсэн.

Янжмаа эмч  “Хөдөөгийн эх баригч нар ёстой сүрхий юм даа” гэж хэлж билээ. Хот газрын том эмчээс урмын үг сонсож баярласан ч хүүхэд нь бүтээгүйд хачин их эмзэглэж байсан шүү”  хэмээн ярина.  Ж.Ишваанжил гуайд эх барьж авсан хүүхдийнхээ хүүхдийг хүртэл эх барьж байсан цөөнгүй тохиол бий гэнэ. “Та миний авсан ээж.  Би тан дээр төрнө өө” гээд л ирдэг гэнэ. 1974 оны тавдугаар сард  манай сумын Лувсанрэнцэн гэж зааны гэргий Надмид төрөх гээд ирлээ. Тэр үед одоотой адил ЭХО байсан биш. Ямартаа ч наадах чинь нэг биш, ихэр хүүхэд байна.

Тиймээс аймаг явж үзүүл гээд явууллаа. Тэгсэн аймагт үзүүлсэн хоёр ихэр байна гэж хэлсээр өнөөх маань хүрээд ирлээ. Тэр чинь 1974 оны тавдугаар сарын 1 буюу Майн баяр болох гэж байсан үе. Төрөх ч боллоо. Нас ч тийм залуу хүн байгаагүй юм,  42 настай. Даралт гайгүй ч хаван ихтэй тул долоо хоногийн өмнө амаржих байрандаа авчраад хэвтүүлчихээд байж байтал гэнэт өнөөх маань өвдлөө. Хаван тулсан байсан. Нөхөр нь үүдэнд авгайгаа хүлээзнээд л сууж байна. Тэгэхээр нь танай эхнэр хоёр ихэр хүүхэд, магад гурав ч байж магад гэсэн чинь гараад гүйгээд явсан.

Тэгээд л 45 минутын зайтайгаар гурван ихэр охин гарсан даа. Тэр үед өөрөө өнөө мөдгүй төрөхөөр том гэдэстэй байсан. Сүүлчийн охиноо   гардаж авч байхдаа өөрийн эрхгүй уйлж байжээ. Ёстой л нэг дуулиан шуугиан болсон доо. Нэг эсний эхэс цэцэг шиг үргэлж байдаг юм. Лонжоо эмч маань дуудлагад явчихсан байсан тул ганцаараа мөн ч их тэвдсэн дээ”  гээд өөрт тохиолдсон хүндхэн үеийн тухай ярина.  

“Аймгаас заавал эх баригчтай нь ярина гээд л бөөн сүр болж байсан даа. Удалгүй онгоц очоод улс аваад явчихдаг юм билээ. Харин тэд маань нэг их том болж чадаагүй ээ. Том нь тав хүрсэн, бага нь найман сартай эндсэн. Хөөрхий хувь тавилан юм байлгүй, тэр айл маань охин тогтдоггүй айл байсан юм. Гурван ихэр хүүхэдтэй айлд тухайн үед 3000 төгрөг өгч байлаа. Би тэр үед нь та хоёр минь шинэ гэр аваарай гэж хэлж байж билээ.

Одоо ч тэднийхээр эх барьж авсан хүүхдүүдийн хөл татрахгүй ээ. Заримыг нь бол танихаа байжээ. Хүйн ээж минь гэж хүндэтгэн хайрлахаас гадна хүүгийн минь, охины минь авсан ээж гээд насаараа хүндлэл дунд явж ирлээ дээ. Охид минь ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн дөө. Ер нь манайханд эмч сувилагч лаборант гээд эрүүл мэндийн салбарын дайчид олон байна. Миний дөрвөн охины бага нь Бүдбазарын Мягмарсүрэн  Анагаах төгсөөд Өвөрхангайн Сант суманд  очоод ажиллаж байхдаа эх баригч хийж байсан. Одоо дүн бүртгэлийн эмч хийж байгаа. Би чинь эхээсээ есүүлээ юм даа. Одоо ч дээрээсээ тайрагдсаар байгаад цөөхүүлээ үлдлээ дээ.

Бид чинь Архангайн Хангай сумын Тэрх гэдэг газар төрцгөөсөн. Аав минь намайг өлгийтэй байхад баригдаад явсан гэдэг.  Том эгч Долгоржав минь Гутлын үйлдвэрт ёстой баатар болтлоо ажилласан даа. Хамаг л сайхан залуу нас нь монголчуудыг гуталтай болоход зориулагдсан гэж болно. Удаах эгч Должинжав насаараа л лаборант хийж эрүүл мэндийн байгуулгад ажиллаж дээ.Тэгээд л Дэмчигжав, Лүндэгээ гээд бид чинь олуулаа шүү дээ, уг нь.   Хоёр эгч минь  намайг дуудаж бид сайхан даалуудна. Үүпээднэ.

Энэ хоёр чинь бараг зодолдонгоо алдана. Даалуугаа шиднэ гээд” хоёр эгчийгээ цаашлуулан инээх Ж.Ишваанжил гуай “Охин минь даанч ажилтай явна.Тэрнээс биш дөрвөн гар үзэхгүй юү” хэмээснээ энэ хоёр бас яггүй булхайцна. Хүргэн ах минь Лувсандорж гэж Монголын анхны эмч нарын нэг сайхан хүн байлаа. Бид дөрвүүлээ тоглодог байсансан. Энэ гурав хавсайдаад булхайцаад намайг хожчихдогсон гэсээр бидний яриа түрхэндээ өндөрлөлөө. Тэрбээр бас ханийнхаа тухай ярьсан.

Түүний хань Дүгэрсүрэнгийн Бүдбазар гэж монгол хэл, уран зохиолын багшаар насаараа ажилласан хүн байж. 1998 онд бурхан болсон доо миний хань. Тариат, Хангай суманд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм.Олон зуун шавьтай сайхан хүн, сайн хань минь арай л эрт явсан даа гэсээр  ханийнхаа тухай дурсав. 1958 онд Багшийн дээд төгсөөд түрүүлээд нутаг руугаа явж араас нь Ишваанжил эгч явсан гэнэ. Одоо ч тэдний нэг хүү нутаг усандаа амьдарч ээж нь тийш зун болохоор нутаг гүйдэг адуу шиг очдог гэнэ. Харин энэ зун гадаадаар, тэр тустаа хайрын хот Парисаар зугаална. Зээ охиныхоо хуримд уригджээ.