ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сангийн аж ахуйн анхны нарийн бичгийн дарга бүсгүй

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-24

Магалжавын Пүрэвсүрэн гэх энэ эмэгтэй хуучнаар Түшээт­хан аймгийн Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ суманд анх эхээс хүй тасарсан гэдэг. Төрсөн эцэг  Саарайжамъянгийн Магалжав нь Хэнтийн гал шарын хүн. Анхны сумын Засаг дарга нарын нэг, Улсын сайн малчин аавын охин Пүрэвсүрэн их багадаа авга эгчдээ өргөгджээ. “Аав минь их багад  нас барсан болохоор сайн санадаггүй. Харин хэдий бага байсан ч ээжид минь ойр ойрхон очиж золгуулдаг байсан болохоор ээжийнхээ дүрийг тодхон санадаг даа” хэмээн хэлэхдээ хоолой нь зангирах энэ буурал өдгөө 70 хол гарч явна. Хэдийгээр Төв аймагт төрж, нийслэлд өсч өндийсөн ч тэрбээр өөрийгөө Дорнодын хүн, тэр дундаа Халх гол, Сүмбэрийн хүн хэмээн хэлэх дуртай.Арга ч үгүй юм, насаараа ханилсан хань нь энэ л нутгийн унаган хүү. Хууль зүйн дунд сургууль дүүргээд удаагүй цэл залуухан бүсгүй ханиа дагаад нутгийг нь зорьжээ. Тэр үед хадмууд нь Хунтад байж. Халхгол хэмээх Сангийн аж ахуй өрхөө татаж үүдээ нээхэд Пүрэвсүрэн гуай анхны эмэгтэй нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Сум-Сангийн аж ахуйн дарга нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар  Д.Аръяа гэж жинхэнэ хөдөлмөрч “баатар” байж.  

Тэрбээр ажиллаж байсан  үеийнхээ тухай “Манай Дорнод аймаг 13 сумтай байлаа. Жил бүрийн цэрэг татлагаар манай сумаас гэхэд л 18-28 насны 300 орчим залуус цэрэгт татагддаг.  Нэг машинд ойролцоогоор 100 гаруй цэрэг суулгаад 3 машин цэрэгтэй 350 км замыг туулсаар цэргийн штабтаа залуусаа хүлээлгэж өгдөг байлаа шүү дээ” хэмээгээд “ Манай сум-сангийн аж ахуй байгуулагдаад удаагүй болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Зарим сумынхан “Халхголынхон хулигаан ихтэй” гэж хүртэл ярьдаг байсан. Гэхдээ манай сумын тэр залуус өвөлдөө хаа холоос цан хүүрэг татуулсаар ирж цэргийн бүртгэлдээ бүртгүүлээд зарлан очсон нөхцөлд үг дуугүй л ирдэг байсан даа. Би бодохдоо, “Юун хулигаан гэж.Харин ч цэрэг эх оронч үзлээр төлөвшсөн, эх орныхоо төлөө эр цэргийн үүргээ ухамсарласан залуус байж дээ” хэмээн боддог юм хэмээн хуучлах зуураа гэрэл зургийн цомог өмнөө дэлгэж үзүүлэв. Зураг бүхэн ард нь тайлбарыг нь он, сар, өдөртэй нь тэмдэглэсэн байх нь Пүрэвсүрэн гуайг залуугийн их нямбай хүн байж дээ  гэдгийг илтгэнэ.Тэдгээр зураг хөрөг, дурсгал бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг дунд  сайн ажилласан тул “Эм хонь нэгээр шагнав” гэсэн гараар бичиж зурсан эрхийн бичиг байх нь сонин. Бас тэр эм хонио Б.Баатарын сууриас аваарай гэж цохсон зоотехникгийн цохолт нь хүртэл байна билээ.

БНМАУ-ын иргэн гэдгийг батлах улаан паспорт, иргэний цэнхэр үнэмлэх гээд хувь хүн өөрийн түүхтэй холбож үзэхээр юу байна% тэр бүх дурсгал түүнд байна.   Пүрэвсүрэн гуай одоо ч тэр нямбай, журамтай зан нь хэвээрээ тухай түүний ач охин Б.Хонгорзул ярина. Хүний амьдрал баялаг юм.Тэр тусмаа Пүрэвсүрэн гуайн тухай сурвалжилж явахад үнэхээр бахархам. Халхын голын ерэн баатрын хөшөөний эргэн тойронд мод тарилцаж, сумынхаа Ардын Хурлын депутатаар гурван ч удаа сонгогдож төр төлөөлж ажиллаж явах үедээ “Депутатын танхим”гээчийг анх байгуулж, аймаг орон нутагтаа туршлагаа дэлгэрүүлж явсан “хэнхэг” нэгэн юм билээ. Хэдийгээр амьдралын шаардлагаар 1998 онд хотод ирсэн ч Халхголоо “миний нутаг” хэмээн сэтгэл нь уяатай явна. Ээжийнхээ тэр сэтгэлийн учиг болж ганц хүү М.Баатар нь  Халх голдоо гэр бүл, үр хүүхдийнхээ хамт одоо ч амьдарч байна. Сүхбаатар дүүргийн 11,12-р хорооныхон М.Пүрэвсүрэн гуайг андахгүй. Зарим нь бараг “айдаг” гэхэд болно. Тэр зөвд зөөлөн, бурууд хатуу нийгмийн ажилтан байжээ. Айл өрхүүдээр нэг бүрчлэн явж, иргэд, тэдний хүүхдүүдтэй биечлэн уулзаж тэдэнд юу хэрэгтэй, юун дээр анхаарах тал дээр онцгойлон ажилладаг байсныг зарим иргэд одоо ч ярьдаг талаар тухайн үед хамт ажиллаж байсан хороодын ажилтнууд,  хэсгийн ахлагч нар дурсаж байна билээ.

1998 онд нийслэлийн хороодод  нийг­мийн ажилтан ажиллаж эхлэх тэр үеэс Пүрэвсүрэн гуай дээрх хороодыг хариуцсан хүүхдийн арга зүйч, нийгмийн ажилтан болжээ. Ихэр хүүхдүүдийн концерт бэлтгэн тоглуулж үе тэнгийнхэнд нь үзүүлэх, хороон дээрээ эх үрсийн баярыг тэмдэглэх, сургууль завсардсан 12 хүүхдэд боловсрол олгуулж ерөнхий боловсролын сургуульд нас насны ангид нь шилжүүлэн суралцуулах, эмзэг бүлгийн хүүхдүүдийн зуны амралтаар нь зусланд амруулах  гээд өөрөө санаачлан олон сайхан ажлууд хийхийн зэрэгцээ АДРА, Дэлхийн зөн олон улсын байгууллагуудтай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байжээ. Залуугийн зүгээр сууж чаддаггүй тэрбээр одоо ч мөн хэвээрээ. Ахмадын аэробекийн секцад хичээллэж хот дүүрэгтээ  аэробек болон дартсын төрлөөр аваргалж, олон арван медаль “түүжээ”. “Та гавьяаныхаа амралтад хэдийд суусан бэ? Тэтгэвэр тэтгэмж нь амьдралд нь хүрэлцэж байна уу” гэж асуухад минь  “Эгч нь тэтгэврээ тогтоолгоод 15 жил болж байна. Тэтгэвэр бага шүү дээ. Гэхдээ би улсдаа ажиллаагүй бол хэн надад ингэж сар бүр мөнгө өгөх юм. Төрийн минь сүлд өршөө гэж тэтгэврээ залбирч хүртдэг дээ дүү минь. Хүний хүсэл, хэрэглээ хязгааргүй. Хэрэглээгээ гүйцээх мөнгө хүснэ гэвэл биелэхгүй. Хань минь Лутсайханы Мишигдорж гэж хүн байлаа. Бид дөч шахам жил ханилаад тэр минь арай эрт “буцчихлаа”. Ханиасаа хойш “ганцаардахгүйн эрхэнд” гэртээ сууж чадахгүй саяхныг болтол ажилласан. Хог тээвэрлэлтийн компанид менежер, “Нууц увидас” эмнэлэгт жижүүр, Хотын тээврийг удирдах газарт ажилласан.  Одоо ч бас харьцангуй нас явж байна. Тэглээ гээд биеэ чагнаад суугаад баймааргүй байна. Зүгээр суухаар өвчин хэлэх гээд унах байлгүй дээ гэсээр Пүрэвсүрэн гуай нэлээд зузаан дэвтэр барьсаар өмнө минь суулаа.

Тэр дэвтэрт нь түүний бичсэн олон арван шүлэг, тэмдэглэл байх юм. Маш их нямбайлан бичиж, заримд нь зориулж зураг зуржээ. Би чинь бас “Залуу сэтгэлтэй” гэж зарим нэг дүү бүсгүйчүүдэд  “шоолуулна” гэсээр инээнэ. Тэрбээр саяхан хамгийн сүүлд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” номыг шимтэн уншсанаа хуучилна. Телевизээр солонгос кино үздэггүй, их гутранги зүйл дандаа гарч харагдах юм.Тэрний оронд түүхийн сэдэвтэй кино үзэх дуртай. Мэдээгээ бол яс үзнэ хэмээн хуучлаад “Энэ жил чинь Халх голын түүхт ялалтын ойн жил шүү дээ. Халхголчууд минь ажил ихтэй л байгаа байх даа” гэсээр юу юугүй нутаг гүйх гэж буй мэт догдлох нь  ажиглагдлаа. Ингэхэд танайхыг сураглаж гадаа тань ирэхэд орцны үүдэнд нэг залуу “Аан, орцны жижүүрээс дутахгүй ойр хавиа цэвэрлээд явдаг нэг хөгшин байдаг юм. Тэр байх нь”  гэсээр  танайхыг зааж өглөө гэхэд “Хүн ер нь байгаа байгаа газартаа цэвэр сайхан байх юм бол өөрт ч, өрөөлд ч таатай шүү дээ. Нуух юм алга, манайхан өөрийнхөө босгыг л давуулчихвал бусад нь хамаагүй гэж боддог бололтой юм. Гэхдээ гаргаад хаядаг хогийг цэвэрлэх нэг хэрэг. Гол нь зарим нэгэн залуусын тархины “хог”-ийг л цэвэрлэх хэрэгтэй юм.  Гэхдээ одоогийн залууст олон сайхан чанар бий гэж хардаг шүү эгч нь” гэлээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн олон арван шагнал байна билээ. Харин тэрбээр энэ тухайгаа “Шагнал бол хөдөлмөрийн минь үнэлэмж юм. Харин найз нөхөд гэдэг бол хүн чанарын үнэлгээ байх” гээд найз цөөхөнтэй байна гээд хүн чанаргүй гэсэн үг биш. Надад танил олон бий. Гэхдээ ширээгдсэн ган гэдэг шиг жинхэнэ найз тийм ч олон биш шүү гэсэн юм.