ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Харлуулах дон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-11

Илүү ч тайлбаргүй, олон үг ч нуршихгүйгээр нийтлэлээ ингэж гарчиглахыг хүслээ. “Донтох” гэдэг үйл үгийг Монгол хэл, бичгийн тайлбар тольд “Дон нөхцөх, хорхойсох, адтах” хэмээн тайлбарлажээ. Мөн мансуурах бодис, сэтгэцийн нөлөөт бодисыг дахин давтан хэрэглэх гэж утгачлан тайлбарласан байна. Тэгвэл монголчууд бидний хувьд хорхойсох, адтах буюу аливаа зүйлийг харлуулж, муулж таашаал авдаг донтой болчихоод байна. Саяхан өөрийн соошл хуудсанд найман настай дүүгийнхээ сайн үйлсийн талаар биччихсэн юм. Миний дүү хоол ид, ундаа авч уу гэж аав, ээжийнхээ өгсөн мөнгийг огтхон ч үрдэггүй. Харин ч өөрийнхөө нэрээр нэрлэсэн сан гэр дотроо байгуулж, хайрцганд нэгбүрчлэн хадгалж байгаад сайн үйлсийн аянд өгдөг. Түүнийг ээж, аав, ах, эгч бидний зүгээс нэг ч удаа шахаж шаардаагүй.

Тийм зүйл хий гэж хүчээр тулгасан зүйл ч байхгүй. Дүү минь телевизээр гарч буй асрамжийн газарт амьдардаг хүүхдүүдийн тухай нэвтрүүлгийг үзээд л тэдэнд туслах юмсан гэж бяцхан зүрхэндээ бодсон хэрэг л дээ. Ингээд л хариулт мөнгөнөөс илүү гарсан 10 төгрөг байсан ч нямбайлан хурааж, хамгийн эхэнд ангийн найзууддаа утааны эсрэг маск авч өгч билээ. Дүүгийнхээ сайхан сэтгэлээр бахархаж, эгч хүнийхээ хувьд нүүр номондоо мэдээллийг нь оруулчихлаа. Тэгтэл телевизээс утасдаж нэвтрүүлэгт урьжээ. Мэдээж хүүхэд л учраас “Би дуучин болно, бас гоё бүжиглэдэг болно. Хэрвээ би Ерөнхийлөгч болчихвол ингэнэ, тэгнэ” гэх мэтээр ярьжээ. Дахиад хэлье, тэр бол хүүхэд юм шүү. Том мөрөөдөлд умбаж, өөрийгөө олон мэргэжлээр мундаг хүн болно гэж боддог нь хүүхдүүд бидний л зан. Гэтэл энэ нэвтрүүлгийг үзсэн цөөнгүй хүмүүс “Хар багаасаа улс төрийн карьертаа бэлтгэсэн айхтар хүүхэд вэ.

Хүүхэд юм бол хүүхдээрээ бай. Яасан том санаатай юм. Эцэг эх нь ингэж зааж өгсөн биз” гэх мэтээр доромжилжээ. Соошл орчинд тавигдсан энэ бичлэгээс нь болж нялх хүүхэдтэй эгч минь хэсэгтээ л хямрав. Дүүгээрээ бахархах гэсэн биш сайхан сэтгэл рүү нь ус цацаж, ямар ч гэмгүй ах, эгч хоёрыгоо буруутан болгочихсон надад хэлэх ч үг олдсонгүй. Даанч дээ гэсэн бодол төрж, дэмий л тэднээсээ нууж нулимсаа дотогшоо залгиж билээ. Мэдээж сайн хүмүүс тэнд олон байсан. Урам хайрласан үгсийг уншиж өгөхөөр л тун ч жаргалтай царай гаргана. Үе тэнгийн хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал болж буй мундаг охин гэх мэтээр магтсан сэтгэлд нь урамшсан дүү минь одоо ч сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа. Сангийнхаа мөнгийг зургадугаар сарын 01 хүртэл цуглуулж, хүүхдийн баяраар бэлэг авч чадахгүй үлдэх өнчин хүүхдүүдэд өгнө хэмээн илүү сайхныг мөрөөдөж яваа. Бод доо. Наймхан настай бяцхан охинд юуных нь улс төрийн карьер байх юм бэ.

Миний ах, эгч хоёр бусдын л адил амьдралаа болгож яваа залуу гэр бүл. Томчууд шиг тэрбумаар нь үрэх хөрөнгө алга. Гэвч талхны мөнгөнөөс нь таван төгрөг илүү гарчихвал охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмжиж, илүү сайхан хүн болж өсөөсэй гэж зүтгэж явдаг жирийн л аав, ээжийн төлөөлөл.

Ийм хүмүүсийн л сэтгэл рүү нөгөө доромжлох адтан буюу донтнууд ус хийж байгаа юм. Ганцхан надад ч тохиолдсон зүйл биш л дээ. Хэдхэн өдрийн өмнө 14 настай бяцхан хүү галаас ой долоон сартай нялх дүүгээ аварч, өөрөө 40 хувьтай түлэгдсэн талаар мэдээлэл цацагдлаа. Гэтэл тэр мэдээллийн дор мөн л эхийг нь буруутгасан, доромжилсон сэтгэгдэл дүүрчээ. Тэдгээр “донтон”-уудын дийлэнх нь эмэгтэйчүүд. “Арчаагүй эмэгтэй вэ, хүүхдээ харж байхгүй, юугаа хийж байсан юм. Гавьяа байгуулчихаа юу” гэх мэтээр загнаж зүхлээ. Даанч дээ, бүсгүйчүүд минь. Та нар адилхан л эх хүмүүс. Өрх толгойлсон тэр эмэгтэй үр хүүхдээ сахиад суугаад байвал өлсөж үхнэ биз дээ.

Дөрвөн хүүхдийг нь хэн тэжээх юм бэ. Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй энэ цагт сугалаа таараагүй нялх хүүхдээ ямар гудамжинд хаях уу. Харин ч хөдөлмөрлөж мөнгө олох гээд явж байна. Хоногийн хоолны мөнгөө олох гэж эрсдэлтэй нөхцөлд ахад нь дүүг нь даатгаад ажилдаа явсан тэр эхийг яагаад тэгтлээ үзэн ядаад байгаа юм бэ. Хаяж явсан нөхрийгөө хоол олж ирэхийг хүлээж суух уу, эсвэл хэдэн хүүхдээ аюулгүй байлгана гэж ажилгүй зүгээр сууж, тусламж гуйх байсан уу. Асуудлын наад цаадхыг мэдэхгүй атлаа их мэдэгч болдог хүмүүсийн дийлэнх нь манай бүсгүйчүүд байна. Дуучин залуу нэгээс салж өөр нэг дуучин бүсгүйтэй суусных нь төлөө баахан доромжиллоо. Энэ гэр бүлийн ар гэр, аав ээж, ах дүү, амраг садныг бодож үзсэнгүй.

Хэчнээн их доромжлол, дарамтыг тэд давж байгаа бол. Доромжилж байгаа нь нөгөө л бүсгүйчүүд. Бараг л хоёр дуучинтай хамт нэг гэрт амьдарч, орон дотор лааг нь барьж зогссон аятай амьдралыг нь шүүлээ. Хоёр дахь үрээ өлгийдөх гэж хүлээж суугаа дуучин бүсгүйг ад чөтгөр, албин тийрэн, биеэ үнэлэгч гэх мэтээр хэлэх, хэлэхгүй үгээр хэлжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн зураг руу нь дараад орохоор эр нөхөр, үр хүүхэдтэй, нүдэнд дулаахан сайхан бүсгүйчүүд. Даанч амнаас нь гарч буй үгс нь арай ч дээ гэж бодмоор.

Тэдний амьдралд ямар асуудал өрнөж, яагаад хоёр тийш болсон талаар хэн нь ч мэдэхгүй. Тэгсэн атлаа л хосуудыг өмнөөс нь салгаад, өөр нэгэнтэй нийлүүлчихнэ. Энэ дэмийрэл бүр арай хэрээс хэтэрлээ. Хоолны групп руу санал бодлоо хуваалцах гэж сэтгэгдэл бичихээр давшлаад ороод ирнэ. “Арчаагүй юм бэ. Аяга тагш хоол хийж чадахгүй. Ямар олон хоолны зураг оруулдаг юм бэ, чи” гэх мэтээр заавал өө олж харна. Группээс гараад явчих сонголт байсаар байхад л заавал өөрийнхөө зөв болгох гэж улайрна.

н.Осоржамаа гэх залууг яаж үзэн ядав, ямар их доромжлолыг тэр хүүхэд амсав. Гэм хийгээгүй байхад л гудамжинд таарсан залуус дээрэлхэж, зодож, шоолдог хэмээн уйлаад ярьж байна билээ. Бид хэн болж, хаашаа яваад байгаа юм бэ. Нэгнийхээ бөгсийг ухдаг, гутаан доромжилдог, өөрөө сайхан харагдаж байвал өрөөл хамаагүй гэсэн амин хувиа хичээсэн үзэл улам бүр л хүрээгээ тэлж байна. Уур бухимдлаа гаргамаар, аливаа шийдвэрийг шүүмжилмээр үе хүнд олон л байдаг. Гэлээ гэхдээ ингэж донтож, юм болгоныг харлуулах хэрэг байдаг юм уу, хүмүүс минь. Эрчүүд нь бол ихэвчлэн улс төрийн сэдвээр жиргэнэ, хэрэлдэнэ. Төрийн төлөө оготно гэгчээр түшээдийн зургийг тавьж байгаад л том, том сэдэв бодлого ярьсан хүмүүс дүүрлээ, нүүр номоор.

Өөрөө тэгтлээ олигтой явчихсан юм уу гээд харахаар биднээс ялгарах зүйл юу ч алга. Зарим нь амьдралаа арайхийн авч явна. Хатуу хэлэхэд, чиний яаж амьдарч яваа чинь төр засгийн гэхээс илүү таны л буруу. Аав, ээжээс бидэнд адилхан л гар хөл, бүтэн нэр бүлээн зүс хайрласан. Харин үүнийгээ зөвөөр ашиглаж, хөдөлмөрлөх юм бол амьдрал хэнийг ч шагнадаг юм. Сурсан мэдсэн зүйлээ хий хоосон улс төр ярихад бус ар гэрээ олигтой авч явахад зарцуулчихдаг бол улстөрчөө шүүмжилнэ үү, урлагийн оддын ор хөнжлийг сөхнө үү ёстой хамаа ч алга. Даанч тийм байж чадахгүй байгаа. Ямар ч гэрэл, гэгээтэй зүйлээс заавал харыг нь олж хараад түүнийгээ шүүмжилнэ гэдэг асар их ухаантай, эсвэл аугаа ихийн дэмийрэлд автсан хүмүүсийн л хийдэг ажил юм болов уу гэтэл тийм биш гэнэ.

Сэтгэцийн эмчийн хэлснээр “Амьдралдаа сэтгэл хангалуун бус өссөн. Аз жаргалыг бүрэн дүүрэн эдэлж чадаагүй. Хүчирхийлэл, хар бараан зүйл туулсан. Амьдралаасаа хэзээ ч сэтгэл ханамж авч байгаагүй, нэг зүйлээр дутуу байдаг хүмүүс гэрэл гэгээтэй зүйлээс заавал сөргийг олж хардаг” гэж тайлбарлаж байх юм. Монголчууд нийтээрээ ийм сэтгэл ханамжгүй амьдарсан гэдэгт итгэхгүй байна. Аз жаргал дүүрэн байгаа хүмүүс нь харин эсрэгээрээ аливааг гутааж, харлуулж байгаа. Тогтсон амьдрал, бизнес, нэр төртэй хүмүүсээс ийм хандлага гарч байгаа.

Тэр байтугай хүчирхийлэлтэй орчинд өссөн залуус нийгэмд эерэгээр нөлөөлж, илүү сайхнаар амьдралаа аваад явж байгаа. Тэгэхээр нийгмийн буруу гэхээс илүү хувь хүний сэтгэлзүйтэй шууд холбоотой юм байна. Гэртээ үр хүүхдээ хардаг, нөхөр нь ажлаа хийгээд явчихдаг бүсгүйчүүд ганцаардал, бухимдал, стрессээ эмэгтэйчүүд голдуу байдаг хаалттай группт гаргаж, түүндээ хэтэрхий донтоод байна уу гэж харах боллоо. Нөхөр нь араар тавилаа гэхэд нөгөө бүсгүйнх нь зургийг тавьж байгаад л доромжилно.

Нийтээрээ тийм биш байгаа ч энэ мэт хэн нэгний урмыг унтраах, ус цацаж, гутаах, доромжлох сэтгэгдлийн дийлэнхийг бүсгүйчүүд бичиж байгааг та ч бас анзаарсан биз. Адилхан эмэгтэй хүн атлаа өрх толгойлсон ээжийг арчаагүйгээр нь дуудна. Над шиг л охин дүүтэй атлаа их зантай, улс төрийн карьер хөөсөн гэж наймхан настай дүүг минь эмэгтэйчүүд л чичилж бичлээ. Тулгар биетэй дуучин бүсгүйг биеэ үнэлэгч гэж бичих зориг эмэгтэй хүнээс л гарч байна. Түлэгдээд шаналж хэвтээ хүүг дүүгээ харж чадахгүй юугаа хийж байсан юм гэж загнах зориг бас л эмэгтэйчүүд биднээс гарч байна.

Энэ нийтлэлийг уншаад бухимдах хүн нь бас л эмэгтэй та байх вий. Хүн гэмээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэддэггүй гэгчээр таны алдааг дэргэд чинь байгаа хэн ч хэлж өгөхгүй.Тиймээс үүнийг уншаад нээрээ бид чинь яагаад нийгмээс сайн сайхныг олж харах чадамжгүй болоо вэ. Тэдгээр дуучдын амьдралд надад тийм чухал юм уу гэж бодоод үзээрэй. Эрчүүд минь ч гэсэн өмнөх ажлаа хийж, амьдралаа аваад явж байгаа надад өөр нэг улстөрч УИХ-ын чуулган дээр юу гэж хэлсэн нь тийм чухал уу гэж хараад үзээрэй. Нийгмийн соён гэгээрүүлсэн нэг ч гэсэн мэдээлэл олж унших уу, эсвэл нийтээрээ дагаж шуураад буй улс төрийн хэрүүл харах уу гэж тунгааж бодоорой. Та бас таны гэр бүл нэг долоо хоног л энэ мэт зүйлээс өөрийгөө холдуулаад үзвэл итгэмээргүй тайвшрал, эерэг үр дүн гарна, харж л байгаарай. Үүнийг бичсэнээрээ би ч бас шүүмжилдэг, харлуулах донтон болж магадгүй юм. Гэхдээ л...