ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эхо”-ны Л.Нямсүрэн

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-31

“Эхо”-ны Л.Нямсүрэн эмч гэхээр өвөрхангайнхан төдийгүй ойр зэргэлдээ аймаг сумдынхан анд­даг­гүй. Энэ хүн Өвөр­хангай аймагт ажилласан анхны рентгений эмч.   Л.Нямсүрэн эмчийн рентген онош­логоог манай улсын томоо­хон эмнэлгүүдэд 1970-1980-аад онд ЗХУ-аас урил­гаар ажиллаж байсан доктор, профессорууд болон рентгений ардын эмч Пүрвээ, рентгений гавьяат эмч Пүрэвжав нар өдрөөр үнэлж, улмаар ЭХЯ-ны сайдад талархал дэвшүүлж байсан.

ЭХЯ-ны сайд Б.Дэмбэрэл /асан/ аймгийн ЭХБ-ын дарга Ц.Дамдинсүрэнгээр дамжуулан Л.Нямсүрэн эмчид баяр хүргээд,  аймгийн ЭМГ-аас түүнийг тухайн үеийн Сайд нарын II эмнэлэгт шилжүүлэн ажиллуулахыг санал болгож байсан ч тэрбээр  унаган нутагтаа үлдсэн. Тэр угаас л энэ нутгийн хүүхэд.

Тэртээ 1947 онд Зүйл суманд мэндэлжээ. Хужиртын 10 жилийн сургуулийг алтан медальтай төгсөж,  шууд л дуртай мэргэжлээ сонгож,  Анагаахын Дээд сургуульд орсон.  Тэрбээр 1972 онд сургуулиа төгсөж, Баруунбаян-Улаан суманд очиж ажиллан өвөрхангайчуудынхаа эрүүл мэндийн манаанд гарсан цагаас хойш бараг хагас зууныг элээж байна. Аймгийн эрүүлийг хамгаалах байгууллагад орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн анхны мэргэжлийн рентген, эхогийн эмч.  Тэрбээр хувийн хэвшлийн анхны эмнэлгүүдийн нэг болох “Энхжингийн зам” эмнэлгийг үүсгэн байгуулж, оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээгээ үзүүлсээр  л явна.

Хэт авианы оношлогоог 120 гаруй мянган хүнд, дотор гэмтлийн тусламжийг 3000 шахам хүнд үзүүлсэн гээд түүний ажил бүтээл үргэлжилсээр л байна.Энэ урт замд тэрбээр  гэмтлийн болон тархины доргилтыг бариа заслын аргаар эмчлэхийн зэрэгцээ бөөрний суналттай 1000 шахам өвчтөнг оношлож, хэт авианы тусламжтайгаар бариа засал хийж эмчилсэн нь бүрэн үр дүнтэй болжээ.  Нутгийнх нь зон олон түүнд ам сайтай “Л.Нямсүрэн эмч маань олон хүний өвчнийг цаг алдалгүй онож оношлодог, гайхалтай эмч нарын нэг шүү дээ” хэмээн ярьцгаана. Тэр жирийн нэг эмч биш бас багш. Өндөр мэргэжлийн олон эмч нарыг сурган хүмүүжүүлсэн эрдэмтэн багш юм билээ. Тэрбээр рентгений мэргэжлээр дөрөв, ЭХО-гийн мэргэжлээр зургаан эмч өөр дээрээ дагалдуулан сургасан багш хүн. Ер нь эмч хүнийг дүгнэх гол зүйл түүний тавьсан онош хэр зөрж байна гэдэг зүйл.

Тэгвэл ажиллах хугацаандаа нэг ч удаа оношийн зөрүү гаргаагүй ажилласан шилдэг мэргэжилтэн гэдгээр нь системийнхэн нь түүгээр бахархдаг. Тиймдээ ч өвөрхангайчууд “Л.Нямсүрэн эмчид үзүүлээд оношоо нэг сайн тодруулаад авахсан” гэсээр түүнийг зорино. Л.Нямсүрэн эмч ч итгэлийг нь алдахгүй. Тэрбээр бас “гартаа ч хоосонгүй” гэж ахмадууд ярина. Учир нь ясны бэртэлтэй 130 гаруй хүнд тусламж үзүүлж, тэд бүгд анхдагчаар эдгэрсэн тухай мэдээ ч байдаг юм билээ. Эмчилгээ үйлчилгээний ажлын хажуугаар олон нийтийн ажил хийгээд “ясаа амраадаггүй хэнхэг амьтан” хэмээн гэргийнх нь хэлж байснаар тэрбээр үнэхээр л олон ажлыг зэрэг зэрэг амжуулдаг бүтээлч нэгэн юм билээ. Жишээ гэхэд л, Улаан загалмайн хорооны даргаар зургаан жил ажилласан “лут амьтан”.

Энэ мэт олон нийтийн олон   ажлаас гадна мэргэжлийн дагуу тавигдах эмч нарын эрдэм шинжилгээний болон онол практикийн бага хурлуудад идэвхтэй оролцож, “Ходоодны цус алдалтын үед хийгдэх рентген шинжилгээний үр дүн”, “Амсьсгалын замд орсон гадны биетүүдийг тодруулах рентген шинжилгээ”, “Спленопортографын шинжилгээгээр элэгний бэтгийг оношлох нь”, “Тархины гэмтлийн үед пневмоэнцефлография шинжилгээ хийх нь” зэрэг сэдвүүдээр нийт 24 удаагийн илтгэл тавьж,  мэргэжил нэгтнүүддээ өөрийн мэдэх чадахаа дуулгаж, өөрөө ч үргэлж бусдаас сурахаар чармайсаар яваа энэ буурал өдгөө нас сүүдэр 70 гарчихсан яваа ч хөнгөн шингэн, эмчийн ажлаа хийж, зөвлөж явна.  Түүний хичээл зүтгэл, мэдлэг боловсролоо дайчлан байж олон хүний амь насыг аварч байсан тухай нь мөн ч олон түүхийг энд бичиж болно. Гэхдээ нэгийг л хүүрнэе.

Тэртээ 1980-аад оны дунд хавьд Хужирт сумын сургуулийн бага ангийн нэгэн сурагч үзэгний хуванцар үзүүр цагаан мөгөөрсөн хоолой, уушгиндаа оруулсныг рентгений эмч Л.Нямсүрэн гэрэлд харж, баруун уушгинд шаантаг хэлбэрийн агааржилтгүй байгааг тодорхойлжээ. Улмаар  тухайн үед оюутны дадлага удирдан ирж таарсан хүүхдийн мэс заслын эмч Жамьянжав эмчид “Эндээс орвол ойрхон шүү эмч ээ” гээд балаар зурж өгсөн байна.

Үнэхээр л цаг “хомс” байдал хүнд үед Л.Нямсүрэн эмчийн хэлж зурснаар тэрхүү мэс засалын эмч хагалгаа хийж,  хүүгийн амь насыг аварсан талаар тэр багш мөн ч олон жил дурсан ярьсан байдаг. Энэ мэт олон түүх ярьж болно. Лхамсүрэнгийн Нямсүрэн хэмээх энэ эмчийн “Аймгийн анхны рентген, ЭХО оношлогооны эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, дүрс оношлогооны зөвлөх” гэсэн  цол гуншин нь түүнийг хэн бэ гэдгийг хэлээд өгнө. Дөрвөн сайхан хүүхдийн аав, өчнөөн олон ач зээгийн өвөө энэ буурал өнөөдөр хөгшинтэйгээ хамт ажлынхаа цаг заваар хашаандаа мод, ногоо тарьсан шиг байгаль орчиндоо ээлтэй амьдарч байна.

Одоо ч Л.Нямсүрэн эмчийг зорьж очих хол ойрын хүний хөл тасрахгүй байна. Л.Нямсүрэн эмч маань хүмүүнлэгийн ажил хийнэ. Бас судалгаа шинжилгээний ч ажил хийнэ, ер нь л зүгээр суухгүй. Аль залуу цагаас л шинжлэх ухаан танин мэдэхүйн номонд  хорхойтой, уншсан мэдсэнээ үр хүүхэддээ тайлбарладаг байсан түүний тэр эрхэм чанар улам бүр л лавширч одоо ч тэрбээр номоо уншсаар, ач зээ нартаа тайлбарласаар сууна.

Л.Нямсүрэн эмчийн бас нэг сайхан чанар тэр хэзээ ч архи,  тамхийг хэрэглэдэггүй. Харин найз нөхөдтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ шатар тоглох хачин их  дуртай. Бас гэр бүлийн найзуудтайгаа үе үе хөзөр тоглоно. Сүүлийн үед зээ нараа шатраар барахаа байж хэмээн хошигноно. Харин нэг хөгжилтэй нь “Манай хөгшин Арвайхээрийн муушигчдын холбооны тэргүүн болсон. Сүүлийн үед хагассайн өдөр болгон шахуу тоглож байгаа...” хэмээн насны хань нь наргиан хийж сууна. Л.Нямсүрэн эмч маань залуугийн номонд хорхойтой байсан гэсэн дээ.

Яг одоо зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” номыг уншиж байна. Түүнийг шинэ гарсан сайн номоор хангадаг  хүн нь гэргий нь гэнэ.  Хүний сайхан чанарыг харах тусам улам л олон сайн чанар нь танигдана гэдэг шиг Л.Нямсүрэн эмчийн талаар сурвалжилж явахад бас нэгэн зүйл нэмэгдсэн нь Өвөрхангайн Зүйл сумаас Батзаяа гэх залуу Нямсүрэн гуайг “Авсан аав” хэмээн авгайлах нь Нямсүрэн эмч түүний хүйн ээж юм билээ. Ийнхүү ганц энэ хүү ч биш олон хүүхдийн авсан аав болсон гэдэг. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй нэгэн бидний дунд амьдарч, жаргасаар л сууна.