ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“ХҮК”-ийн үнсэлт

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-05

Цаана чинь “Нударга зангиддаг Хүрэлсүх нь
Нулимс гаргадаг болжээ хө
Шанаа өгдөг Хүрэлсүх нь
Шанх үнсдэг болжээ хө
Аархдаг байсан Хүрэлсүх нь
Асрамжийн газар уйлдаг болжээ хө” гээд шинэ ардын дуу гарсан байна. Нээрээ бодоод байсан чинь манай Ерөнхий сайд хавьтсан ойртсон болгоноо үнсээд л  яваа сурагтай. Өмнө нь гитар барьж, рок дуу дуулж, “Харли дэвидсон” унан гудамжаар давхиж, биеэ хөгжүүлж, буу мөрлөж, булчингаа чангалж, хурандаа хувцас өмсч, ширүүн харц “чулуудаж”, намынхаа шатсан тугаар толгойгоо ороож, “Засгийн” ордонд гишүүн зодож явсан ширүүн дүр нь огтоос алга болчихлоо.

Хүүхэд байсан ч үнсээд, хөгшид байсан ч үнсээд, сэтгүүлч байсан ч үнсээд, өрсөлдөгч байсан ч үнсээд, жолооч байсан ч үнсээд, эм ч байсан үнсээд, эр ч байсан үнсээд, сүүлдээ бүр уйлж дуулаад, уярч хайлаад явдаг болж, хөөрхий. Д.Хаянхярвааг үнсч эхэлсэн үнсэлт, хаа төгсөх нь мэдэгдэхгүй үргэлжлэх боллоо.

Албан тушаалын эрхээр уян болоод эхлэв үү, аль үгүй бол насны эрхээр уяхан болоод дуусав уу. Эсвэл өмнө нь хүссэн албан тушаалдаа очиж чадаагүй болохоор ууртай байсан юм болов уу. Эдүгээ хүссэндээ хүрсэн болохоор сайхан ааштай болчихов уу, хэн мэдлээ. Ямартай ч түүний шинэ төрх өвөө, эмээ нар үр ач нараа үнсдэг шиг, аав ээжийг үнсдэг шиг, ах эгчийг үнсдэг шиг л үнсэлт түгээж явна. Ер нь ч бас энэ дүр нь ч зохиж байна л даа, уг нь. Ямар зодоон цохион, хэрүүл уруул хийгээд яваа биш.

Гэхдээ туслахуудын чинь зөвлөсөн Пи-Ар чинь түрүүлээд, амлаж гарч ирсэн амлалт чинь хоцроод болохгүй нь, хурандаа. Сэлмээ хэзээ эргүүлэх вэ. Та Ерөнхий сайд болохдоо “...та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эдийн засгаа хямралаас гаргаж сэргээнэ. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлнэ. Сахилга дэг журмыг тогтооно. Авлига  хээл хахуультай хатуу тэмцэнэ. Буруутайд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Зорьсондоо хүрч, хэлснээ хэрэгжүүлнэ. Ард түмэндээ худлаа амалж хуурдаггүй Ерөнхий сайд байна. Ард түмнээ өмгөөлнө, авлигачидтай хатуу тэмцэнэ” гэж хэлж байсан. Мөн “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно.

Тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй” гэж амласан. Та сэлмээ яг хэзээ эргүүлэх вэ.  Уяран хайлахаас чинь урьтаад ярьж гарч ирсэн шударга ёс тань үгүйлэгдээд байна. Өөрт чинь зориулаад “би ч хулгайч, чи ч хулгайч” гэж хэлсэн их хурлын гишүүнийг барьж, шалгаж чаддаггүй юм аа гэхэд төрөөс төрсөн тэрбумтангуудаас хэзээ цэвэрлэх вэ, сайд аа. Өөрийг тань “аалз”, өрөөл бусдыг чинь “аалзны хөл” гээд, гар хөлийг чинь тайрна гэсэн нөхдийг хэзээ шалгах вэ.

Төрийн албыг төрлийн алба, ургийн мод болгосон хүмүүсийг уг үндсээр нь хэзээ тасдах вэ. Уйлж дуулахаас чинь урьтаад хүүхдийн эрх, Улаанбаатарын утаа, өмхий, түгжрэл хэзээ шийдэгдэх вэ. Өсдөг үнэ хэзээ тогтворжих вэ. Өсдөггүй цалин хэзээ өсөх вэ. Өөрөөр хэлбэл, таны амласан “тэгнэ, ингэнэ” гэсэн “на, нэ”-гээр төгссөн амлалтууд хэзээ “тэглээ, ингэлээ” болж “лаа, лээ”-гээр төгсөх вэ. Амласан амлалт бүхэн чинь биелэх сайн цаг хэзээ вэ. Үнсээд л яваад байх юм. Ажлаа хэзээ хийх вэ.