ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Хууль, хяналтын байгууллага томилсон хүндээ үйлчилдэг тогтолцоог халах цаг болсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-25

УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгч Х.Баттулга хийлээ.. Тэрбээр хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь томилсон хүнд үйлчилж, шударга бус шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөлнө гэдгийг энэ үеэр онцоллоо. Ялангуяа 2013 оноос хойш томилогдсон шүүгчдэд энэ байдал хамаатай гэдгийг онцлон тэмдэглэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

О.Баасанхүү: Сүүлийн үед яриад байгаа 30 гэр бүл хэрээс хэтэрч байгаа. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг сэргээж шалгах уу. Шалгамаар байна. С.Зоригийн хэргийн эрүүдэн шүүлтийг гаргаж тавьж байгаа шиг бусад бүх хэргүүдийн эрүүдэн шүүсэн асуудлыг хөндөх ёстой. Энэ бичлэгийг хэзээ үзэх вэ. УИХ-ын гишүүд хэзээ үзэх вэ. Дараагийн хүмүүсийг шударга гэдгийг хэн нотлох юм бэ. Хүнийг нь өөрчлөхөөс илүү тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй юм. Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн хэргийг шалгах уу, Ерөнхийлөгч өө.

Х.Баттулга: Системийн өөрчлөлт хийх эрх нь та бүхэнд байгаа. Хэлэлцэж байгаа асуудалтайгаа холбоотой асуулт асуу. Би чиний асуугаад байгаа хэргийг мэдэхгүй.

О.Баасанхүү: Хэрэг биш эрүүдэн шүүх ажиллагааг шалгах уу гэж асууж байгаа юм.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Үндсэн хуульд нийцсэн хууль өргөн барьсан. Гурван хүний шударга, шударга бусын тухай асуудал биш. Гурван хүний хууль зөрчсөн асуудалд үндэслэж энэ хуулийг санаачилсан.

С.Эрдэнэ: Энэ хуулийг би Үндсэн хууль зөрчсөн хууль гэж харж байна. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ямар ч албан тушаалтан шүүгчийн шийдвэрт нөлөөлөхгүй гэдэг заалттай. Төрийн эрх мэдлийг зөвхөн УИХ-д хадгална гэж заасан байдаг. Энэ онцгой эрхэд хууль шүүхийн байгууллагын удирдлагыг томилох асуудал орно. Үүнийг би үүссэн нөхцөл байдлыг далимдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг гартаа оруулах гэсэн оролдлого гэж харж байна. Эрхэм гишүүд ээ. Энэ асуудал тоглоом биш шүү гэдгийг хэлмээр байна.

Т.Аюурсайхан: Бид үнэхээр чухал шийдвэрийн өмнө ирээд байна. Сүүлийн үед гараад байгаа алдаа завхралыг арилгахын тулд хариуцлагын тогтолцоо яалт ч үгүй хэрэгтэй. Мэдээж хууль, шүүхийн байгууллагынханд хариуцлага тооцохгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Бүх булхай хууль шүүхийн байгууллагад ирээд гацаад байна. Прокурорын байгууллагынхан хүнийг дарамталдаг асуудал яригдлаа. Прокурорын саналаар хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал газар авлаа. Шүүгчийг насаар нь томилдог байдал байж болохгүй. Тиймээс энэ бүхнийг солих хэрэгтэй.

С.Чинзориг: Хуулийнхан шударга бус ажилладаг гэдэгт санал нийлдэг. Үүнийг би сонгуулийн үеэр биеэр мэдэрсэн. Тиймээс томилгоотой холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэх асуудлыг дэмжиж байна. Шүүгч нарт хариуцлага тооцох цаг нь болсон. Шүүгчийн хариуцлага тооцох асуудал зөвхөн эрүүгийн хэргийн шүүгч нарт хамаатай юм уу. Иргэний хэргийн шүүгчдэд хамаатай юу.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Шүүгч насаараа томилогддог учраас одоогийн байгаа хуулийнхаа ерөнхий системийг хадгалсан. Хэрэв шүүгч хахууль авсан байвал мөрдөн шалгаж, албан тушаалаас нь буулгадаг. Салхитын мөнгөний ордтой холбоотой найман шүүгчийн асуудлыг оруулж ирнэ гээд өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй байгаа. Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр эдгээр шүүгчдэд хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа юм. Бүх эрх ерөнхий прокурорт байгаа гэсэн үг.

Ж.Батзандан: Хууль хяналтын байгууллагынхан Б.Хурц, Ц.Элбэгдорж, 30 гэр бүлд үйлчилдэг болсон нь туйлын үнэн. Том хэргүүд шалгагдахгүй байгаа нь үнэн. Монгол төрийг эзэнтэй болгох гэж энэ хуулийг оруулж ирж байна. АН-ын нөхдүүд "МАНАН" мафид орчихсон хүмүүс. Энэ хуулийг баталснаар бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас гаргаж авч чадна. Нэн даруй батлах хэрэгтэй.

Д.Хаянхярваа: Үнэхээр эрүүдэн шүүсэн бусармаг явдал байсан бол тэдгээр хүмүүст хуулийн хатуу цээрлэл эдлүүлэхийг дэмжинэ.