ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дуурийн урлагт зориулсан амьдрал

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-25

Ямар ч цаг үед,  хаа ч гэсэн үзэсгэлэн гоо, алдар гавъяагаараа шагшигддаг хүмүүс байдаг. Тэгвэл  1970-80-аад оны үед  Цэвэлсүрэн, Загдсүрэн, Пүрэвсүрэн, Баадайжав, Банзаржав, Ерөө, Цэцгээ, Бүтэд .... гээд л дуурийн театрын нүүр царай болсон хэдэн ганган эгч нар байж билээ. Тэдний нэг Балжиннямын Банзаржав гэдэг хүний “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад бас Хоролмаад дуулахыг нь үзэх гэж дуурийн театрт хэдэнтээ очдог байсансан. Сонирхол юм даа гэдэг шиг хайртай уран бүтээлчийнхээ тухай ажиг сураг тавьж, хийж бүтээснийг нь сонсож, харж явах нь жирийн үзэгч бүрийн л араншин байх. Тиймээс ч хагас зуун жилийн дараа шахам нөгөө”Ганган дэгжин” Банзаржав эгч маань хаана явна гэж хайсаар олж уулзсан юм. Жирийн малчин эмээ өвөө дээрээ өсч өндийн, хонь хурга тойглож, бяцхан хүүхдийн сэвлэгний найран дээр цангинасан хоолойгоор бэсрэг уртын дуу дуулж, хээрийн боохойноос айхдаа уйлж явсан бяцхан охин нэг л өдөр хотын хүн болжээ. Тэрбээр Завхан аймгийн Жавхлант сум, одоогийн Алдархаан сумын нутагт төрж өсч, бага насаа үджээ. Бүр жаахан урагшлуулбал Засагт Хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Харуул Занги  Цанлиг  Зайсангийн гуч хүү Дэлэгжунайн Балжиннямын охин. Магад манай уншигчдад Дэлэгжунайн Балжинням гэхээр танил санагдаж магад. Арга ч үгүй юм, энэ хүн манай анхны дипломатч юм шүү дээ. Гэхдээ Банзаржав гуай хэзээ ч аавын нэрээр гул барьж явсангүй. Төр улсад онцгой хэрэгтэй боловсон хүчин байсан аавыг нь 1950-аад онд Хөдөө аж ахуйн яамны сайдаар томилогдоход тэднийхэн гэр бүлээрээ нийслэлд шилжин ирж суурьшжээ. 

Б.Банзаржав гуайн ээж Самдангийн Далхаа гэж дуу хуур, урлаг уран сайханд дуртай нэгэн  агаад  шанз хөгжмөөр тоглож бас ч үгүй эвлэг сайхан дуулдаг хүн байв. Тиймээс  охин Банзаржавынхаа хүсэл зоригийг дэмжин театрын найрал дууны ангид байсан дуучин Чулуунхүү хэмээх танилыгаа  ирэхэд нь “Охин минь дуу хуур, урлагт их дуртай юм. Танай театрт шалгуулж үзээд тэнцвэл оруулчихсан...” хэмээн ярьсныг дуучин Чулуунхүү гүйцэлдүүлж  15-хан настай Банзаржав Улсын төв театр хэмээх их айлын хаалгаар насаа нэмэн оржээ. Энэ он жил бол 1955 оны нэгдүгээр сар байлаа. Ороод удаагүй шахам байхдаа 1957 онд Москвад болсон зургадугаар их наадамд оролцох болсон явдал түүний “Илүү хичээж ажиллах ёстой...” гэсэн хүслийг нь улам бадраасан гэдэг. “Тэр их наадамд явахад залуу жанжин Ж.Лхагвасүрэн гуай биднийг ахалж явсан юм шүү дээ...” хэмээн сэтгэл нь ихэд доглон ярих Банзаржав гуай анх хэрхэн ганцаар буюу сола дуулсан тухайгаа “Манай Д.Лувсаншарав багш дуучдаа их дэмждэг байсан юм шүү дээ. Тэр үед урлагийн ажилтны хорооны дарга  Болд гуай байсан. Тэд ер нь уран бүтээлчдийг их дэмжинэ. Хэн ямархуу уран бүтээлч вэ гэдгийг ч таньдаг байсан  байх. Нэг удаа намайг наадмын концертонд дуул гээд. Дуурьт олны хэсэгт дуулах өөр. Ганцаараа гоцлоно  гэдэг амаргүй шүү дээ, тухайн үед чинь. Гэхдээ л миний өөрийн бас хүсэл, багш нарын итгэл байна. Гараад л дуулсан. Бүр дахиулсан шүү дээ” хэмээн хуучлах тэрбээр “Би анх сопрана хоолойн хоёр дугаарт суудаг байсан юм. Лууяа багш маань намайг нэг рүү суулгаж билээ. Ингээд л би чинь найрал дуундаа дуулж байгаад Болгарт хөгжмийн консерваторт дуурийн дуучин мэргэжлээр суралцахаар 1962 онд явсан юм” гэв. Түүнтэй ярилцаж байхдаа ажиглаад суухад Б.Банзаржав гэж энэ бууралд өөрийгөө дөвийлгөх, би тийм гайхамшигтай сайхан дуурийн тийм дүрийг гайхалтай бүтээлээ, би анхдагч нь байлаа гэх зэргээр  ганц ч үг унагахгүй нь гайхалтай.  Хатуухан хэлэхэд, манайхан сүүлийн үед “Би” хэмээх өвчнөөр гайгүй өвчлөөд буйг хэн хүнгүй л мэдэж байгаа. Монголын дуурийн урлагт бараг нэгэн жарныг шахам зориулсан  энэ буурал найз нөхөд, багш нараа л ярих гээд байхаас өөрийнх нь тухай яриулах гэж яриаг нь үе үе олонтаа тасалж байсныг нуух юун. 

Тэрбээр “Шарай голын гурван хаан дуулалт жүжгийн Рогмад Пүрэвсүрэн гуайн дараа дуулсан шүү” гээд “Гомбосүрэн гуайтай нэг тайзан дээр гарч байснаа эргээд бодохоор жаахан хүүхэд хэрнээ их зоригтой байжээ. Тэр үеийн уран бүтээлчид бусаддаа алдаа дутагдлыг нь шударгаар хэлж, зааж зөвлөж, залуус нь ч ахмадынхаа үгийг хүлээж авч, хүндэлж чаддаг байв. Сураад, эзэмшээд ирэхээр аливаа зүйл хүндээсээ хөнгөрдөг юм байна билээ” гэж хуучлав. Түүнээс хойш нэг их удалгүй 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадамд явжээ. Фестваль дуусаад тэр үеийн олон хот, улсуудаар явж тоглолт хийлгэдэг байж. Тэгээд Польш, Болгар, Румын, Унгар, Чех зэрэг  улсуудаар тоглоод явж байтал Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба гуайгаас  нэгэн бичиг ирсэн нь  Эрдэнэбулган, Банзаржав, Амар гурвыг Болгарын консерваторт шалгуулаад тэнцвэл тэнд нь үлдээж суралцуул гэсэн бичиг байжээ.  Өнөө сургуульд нь шалгуулж орхитол тэнцчихжээ. Тэр их наадамд оролцогчдыг Олимпын хорооны дарга байсан Магван гуай ахалж явсан бөгөөд шалгалтад тэнцсэн залуустаа баяр хүргэж тэндээ үлдээх болоход өнөө Банзаржав нь  “Би нялх охиноо үлдээгээд ирсэн. Энд суралцаж чадахгүй” хэмээн уйлжээ. “Магван гуай намайг ятгаж үлдээгээгүй бол би ч бас тэр сайхан алтан боломжийг алдах байсан шүү. Залуу байхад хэнэггүй байдаг. Миний амьдралын хамгийн хувь хүнийхээ хувьд ч их хөгжиж, их юм үзэж нүд тайлсан нь Болгарт оюутан байсан үе. Болгар дуурийн урлагаараа Италийн дараа ордог шүү дээ. Үнэхээр сайхан орон, сайхан хүмүүстэй, үнэхээр амттай жимстэй улс даа” хэмээн хуучлах Банзаржав гуай Болгарт зургаан жил суралцаж төгсөж ирээд төрөлх театртаа гоцлол дуучнаар  30 шахам жил үргэлжлүүлэн ажиллаж “Худалдагдсан бэр”, “Фауст”, “Чио Чио сан”, “Кармен”, “Учиртай гурван толгой” зэрэг дэлхийн болоод өөрийн орны зохиолчдын сонгодог 30 шахам дууриудад амжилттай дуулжээ.

Түүний бүтээсэн “Худалдагдсан бэр” дуурийн тухай “Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхасүрэнгийн найруулсан. Энэ хошин дуурь  маш их тоглолттой, хүнд дуурь.  Дээш, доошоо их өсч, уруудна. Хоолойн чадал, ер нь дуурийн дуулаачаас маш их чадвар шаардана. Энэ дуурийг манай Банзаржав үнэхээр сайхан тоглосон. Гоё Машенкаг гаргасан” хэмээн дуучин Б.Банзаржавын тухай мэрэгжил нэгтнүүд нь одоо ч бахархан ярихыг олонтаа сонссон. Тэрбээр харин энэ тухайгаа “Өө, аливаа бүтээл амар төрөхгүй дээ. Театрын бүтээл гэдэг бол хамт олны бүтээл юм. Би ч мөн ч их загнуулсан даа. Жамсранжав маань удирддаг байсан. Гайхалтай удирдаач шүү. Бас Чулуун багш маань байна” гэсээр бусдыг л ярих юм. Тэр Болгарт дуурийн сургуульд суралцаж төгссөн хоёр дахь монгол төгсөгчдийн нэг. Ид  хийж бүтээх нас, сайхан дуулж явсан үед нь 1993 оны зун нэг өглөө гэрийнх нь утас дуугарлаа. Автал театраас Эрдэнэчимэг гэж хүн ярьж “Таныг тэтгэвэрт гаргасан.

Бүхий л материалыг чинь Чингэлтэй дүүрэгт хүргүүлсэн байгаа” гэж хэлсэн нь түүнийг нэг хэсэгтээ л алмайруулсан гэдэг. 1955-1993 он хүртэл залуу нас бүхий л зүйлээ зориулсан театр нь түүнийг “гавъяаны амралтанд гаргалаа” гэсэн сайхан тайлбартайгаар жагсаалаасаа гаргасан байдаг. Дагванамдал, Эрдэнэбулган, Гантөмөр гээд тоолоод байвал олон Юндэнтэй 20 гаруй жил Нансалмаад, мөн Готов зэрэг олон Балгантай цуг Хоролмаад дуулж “Учиртай гурван толгой” дуурийг ялангуяа хөдөөгийн ард түмэнд түгээхэд гол ачааг үүрэлцсэн энэ алдарт дуучин театраас гараад зүгээр суусангүй. Соёл урлагийн их сургуульд 10 гаран жил дуулах ур зүйн багшааар багшилж байгаад дараа нь мөн одоогийн Хөгжим бүжгийн консерваторт ч цөөнгүй хугацаанд багшилжээ. Түүний шавь нар  багшийнхаа итгэлийг алдахгүй сайн дуулцгааж яваа талаар Банзаржав гуай бас л магтаад авна билээ. “Малчдын тухай дуулж буй  Ч.Алтантүлхүүр, хилийн цэрэгт буй Батсайхан гэж сайхан  баритон бий.Бас  цэргийн чуулгад Мөнх-Эрдэнэ гээд сайхан сапрона байна. Энэ мэт олон шавьтай хүн би хэмээн инээмсэглэх. Банзаржав гуай өөрт нь анх долоон нот заасан, хөгжмийн онол сургасан багш Лувсаншарав, Норсонжав, Дарамзагд, Т.Чимэддорж, Мяасүрэн нараа дурсаж “Гайхамшигт багш нараас номын дуу сонссон би чинь азтай хүн” гэнэ.

Б.Банзаржав гуайн нямбайлан хадгалсан зургийн цомгийг үзэж суух нь ээ, эрхэмсэг хээнцэр хувцаслан эртний соёлтой хөгшин европын дэгжин ноёнтон нэгэн сүйх рүү орох гэж буй мэт харагдах зураг онцгой анхаарал татан сонирхвол “Миний аав шүү дээ. Аав минь  Польшид элчин сайд хийж байгаад тэндээсэээ Английн хатан хаанд жуух барьсан хүн. Дараа нь шашны хэрэг эрхлэх газрын дарга хийж байгаад 1970 гараад тэтгэвэртээ суусан даа. Аав минь Завханы Баянтэсийн хүн. Аймагтаа нам эвлэлийн ажил хийж байгаад сүүлд нь аймгийн  дарга, цаашлаад сайд ч хийж байсан. Намын шинэ хүчний сургууль төгсөөд нам эвлэлийн ажил их хийсэн дээ. МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга. Намын Төв Хорооны нарийн бичиг УТТ-ны гишүүн хүртэл байсан юм” гэлээ. Одоо та минь юу амжуулж байна даа гэхэд минь “Шавь нар маань хоолойгоо онгойлгоно  гээд ирнэ ээ. Тэгээд бусад цагт нь ном уншина. Өөрийгөө хөгжүүлнэ” гэхийг сонсоод хэдийгээр эмэгтэй хүний нас асуудаггүй гэлээ ч ная хүрч буй буурал өөрийгөө хөгжүүлнэ, унших хэрэгтэй гэж түүний хэлэхийг залууст хүргэхсэн гэж бодсоноо нуух юун. 

Б.Банзаржав гуайн ээж БНАСУ-ын өнчин өрөөсөн хүүхдүүдийг Монголд авчирч асрах үед тэдэнд үйлчилж байсан гэдэг. Тухайн цаг үед байсан дарга нарын хүүхдүүд ихэнх нь л харь хэлээр хагас хугас, магад бүтэн ч ярьдаг байсан байх. Гэхдээ ихэнх нь нэг тийм ярьж хэлэхдээ заавал нэг гадаад үг хавчуулаастай төвөгтэй байдагсан. Харин Б.Банзаржав гуайд хэт чамирхал огт үгүй, элдэв маяггүй ёстой жинхэнэ цэвэр сайхан монгол хэлээрээ цэгцтэй ярьж байгаа нь бидэнд ч бас авууштай санагдсан. Б.Банзаржав гуай “Ганц охинтой, гурван зээтэй. Тэдний үрс гээд олуулаа болж байна даа.”гэсээр зээ нарынхаа зургийг үзүүлэв. Бас ээжийнхээ тухай “Ээж минь Завханы л хүн. Хэдэн хүүхдээ хүмүүжүүлэх, аавын арыг даах бүх зүйлийг хийж байсан даа” гэх.

Таныг дуурийн театрын хөдөөгийн тоглолтуудад алгасахгүй дуудлагад тавьдаг байсан гэж хэд хэдэн хүнээс сонслоо.Энэ үнэн үү гэхэд минь “Тийм ээ, тэр үед чинь дарга нарын өөдөөс тайлбар тавьдаг хүн ер байсан юм уу. Тэгээд ч сонгодог урлагийг хөгжүүлэх мундаг  тогтоол гаргачихсан байсан. Тэрийг биелүүлэхийн төлөө хүн бүр л хичээнэ шүү дээ.  Бид хөдөөгүүр их аялан тоглоно. Дуурь дуулахад хөдөөний хүмүүс шоолдог байсан үе шүү дээ. Гэсэн ч тэр л он жилүүдэд үндэсний төдийгүй дэлхийн хэм­жээ­ний олон сайхан дуурийг Монголын тайзнаа тавьсан түүхтэй. Загдсүрэн, Банди, Хайдав гээд аваргуудтай хамт ажиллаж байлаа хэмээн тэр аанай л бусдын сайн сайхныг магтан бахдан ярьсаар.

Сонгодог урлаг хэмээх их айлд нэгэн жарны амьдралаа зориулсан энэ буурал аль эрт хүртсэн “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм цолондоо хайртай. Харин үзэгчийн хувьд, эрхэмлэн хүндэтгэгчийн хувьд арай л чамлалттай санагдана. Сайхан хүний өнгө зүс, үг хэл, үйл хэрэг нь хүртэл сайхнаараа байх юм даа. Б.Банзаржав гэдэг энэ эрхэм Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний нэг мөнөөсөө мөн. “Тун удахгүй төр энэ хүний хийсэн бүтээснийг үнэлээсэй”  хэмээн хэлсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Ж.Цэцгээгийн үгээр ерөөл өргөе. Зөвхөн нэг зүйлд, тэр тусам сонгодог урлагт хагас зууны амьд­ралаа зориулсан энэ эрхэмд “Монгол улсын гавъяат жүжигчин” хэ­мээх цол ахдахгүй дээ” гэсэн гэгээ­хэн бодолтойгоор тэднийхээс буцлаа.