ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гуравдугаар сар минь, гунигламаар өдрүүд минь

O.Admin
2019-03-21

Хавар болохоор яагаад ч юм сэтгэлийн мухартаа хадгалчихсан байсан гуниг сэдэрч, яагаад ч юм санаа алдмаар санагддаг юм. Тэр дундаа гуравдугаар сард.  Гадаа дулаан орж, зарим өдөр + градустай болно. Бүсгүйчүүд хувцсаа нимгэлж, гангалаад, өндөр өсгийтөө гаргаж өмсөж, туялзан алхаад л. Цувных нь бүс салхинд хийж, хормой нь дэврээд, цаанаа л нэг гэгээлэг.  Яг ийм өдрүүдэд би дунд сургуулийн сурагч байсан үеэ, анх дурлаж, хайрлаж байсан мөчөө өөрийн эрхгүй санах дуртай.  Хайр дурлал гэдэг хачин сайхан мөртлөө бас зүрх өвтгөм “өргөстэй”.

Санахын ихийг туулаагүй хүнд тэсэхийн аргагүй мэдрэмжсэн. Яг л тийм мэдрэмжийг гуравдугаар сард авч, тулж явлаа. Зориглон байж хэн ч уншихааргүй шахам муухай бичигтэй захиа өгөөд, хариуг нь хүлээж долоо хоног тарчилж явлаа. Гуравдугаар сард. Долоо хоногийн дараа зориглож очоод, хариугаа авч, “Зөвшөөрлөө” гэхийг нь сонсоод “нисч” явлаа, гуравдугаар сард.  Цээжин дотор зүсэрсэн санахын бороо татарч, сэтгэлд нүүсэн үүл цэлмэхийг үзэж явлаа, бас л гуравдугаар сард. Гуравдугаар сар минь, гунигламаар өдрүүд минь.  

Сайхан дурсамжаа бодохоор гэгэлзмээр. Хөндүүрхэн дурсамжууд сэтгэлд цутгахаар уйлмаар. Хайртай охиноосоо салчихаад, цас малгайлсан гудамжаар хүрмээ мөрөн дээрээ тохоод алхсан гол харлам орой ч бас л гуравдугаар сарынх.  Бардамнаж долоо хоног намираад, дараа нь нулимс үертэл санаж байсан өдрүүд ч гуравдугаар сарынх.  Бүр хоёр дахь хүүгээ өлгийдөж аваад, хайрын сэтгэл минь дүүрч асгасан өдрүүд ч гуравдугаар сарынх байсан.  Шаналж, хайрлаж, санаж сурсан өдрүүд минь гуравдугаар сарынх. Одоо ч гэсэн цагаан гуниг бүхнээ сэмэлж гээгээд л алхаж яваа, гуравдугаар сард. Гуравдугаар сар минь, гуниглаж, баярлаж, хааяаа санаа алдмаар өдрүүд минь. Зүрхний цаана нуусан бүхнийг сэрээж өгдөг зөрөх машин шиг цувах өдрүүдийн чинь төлөө шүлэг тэрлэж, хайртай бүсгүйдээ уншиж өгмөөр хачин уянгалаг улирал минь.