ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Экобус” компани Монголын автобусны хэрэглээг 100 хувь хангана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-27

“Экобус” компани өнгөрсөн баасан гарагт дотооддоо үйлдвэрлэсэн 6760S загварын цоо шинэхэн бага оврын автобусыг танилцууллаа. Тус автобусыг “Номин моторс” болон Японы “Исузу” корпорацитай хамтран бүтээжээ. Энэ нь тус компанийн анхны бүтээл биш юм. Зорчигч тээврийн автобусыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилгоор 2014 онд байгуулагдсан тус компани жилээ өөрсдийн үйлдвэрлэсэн нийтийн тээврийн  20 ширхэг автобусыг хүлээлгэн өгч байсан аж. Түүнээс хойш 30 ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэсэн нь эдүгээ улсын баяр наадмаар  Хүй долоон хутагт үйлчилгээнд явахаас гадна Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон “Оюу толгой” компанид ашиглаж байгаа аж. Мөн сургуулийн хүүхдүүдэд зориулсан хэд хэдэн автобусуудыг үйлдвэрлэн гаргасан тус компани эдүгээ жилд 120 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай, үндэсний томоохон үйлд­вэрлэгч компанийн нэг болоод байгаа аж.

“Номин моторс” болон “Экобус” компани нь “Номин” холдингийн охин компани бөгөөд “Номин моторс” компанийн гүйцэтгэх захирал Б.Элбэгсайханы танилцуулснаар “Тус компани 2008 оноос АНУ-ын “Женерал моторс” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаад эдүгээ 11 дэх жилдээ орж байгаа аж. Харин энэ оноос эхлэн Японы “Исузу” компанитай хамтран ажиллах болсон байна. Өнгөрсөн долоо хоногт тус компани “Автопартс&түүлс” гэх авто хэрэгслийн супер маркетаа нээжээ. Энэ авто машины бүх төрлийн хэрэгслийг худалдаалж байгаа юм байна. Энэ онд багтаан тус дэлгүүрийн хоёр, гурав дахь салбарыг нээхээр төлөвлөөд байгааг Б.Элбэгсайхан захирал онцлов. Шинээр танилцуулж буй 6760S автобус нь япон технологиор үйлдвэрлэсэн, утаа маш бага ялгаруулдаг гэдгээрээ онцлог аж. Хөдөлгүүрийн хувьд “Исузу” компанийн евро-3 стандартын байгальд ээлтэй хөдөлгүүртэй юм байна. “Исузу” компани нь Японы хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч бөгөөд 1924 оноос ачааны автомашин үйлдвэрлэж эхэлжээ. 2018 онд 51 дэх сая ачааны автомашинаа үйлдвэрлэсэн байна. 

Туршилтын журмаар үйлдвэрлээд буй 6760S автобусны талаар “Экобус” компанийн үйлдвэрийн дарга Д.Дорждагва мэдээлэхдээ “6760S автобус нь бусад автобусуудаас хоёр, гурван төрлийн давуу талтай. Ашиглалтын зориулалт нь хот хооронд, хот дотор хүүхдийн автобусны зориулалттайгаар ашиглах боломжтой. “Экобус” компани зохион бүтээлт, угсралт, үйлдвэрлэлийг нь хариуцаж байгаа. Эхний ээлжид туршилтын журмаар хоёр ширхгийг үйлдвэрлээд байна. Үйлдвэрлэлийн дамжлагад ороход эхний хоёр бүтээгдэхүүн багагүй хугацаа шаардагддаг ч массын үйлдвэрлэлд ороод ирэхээр сард 10 орчмыг үйлдвэрлэх боломжтой” хэмээн танилцууллаа. Танилцуулгын дараа будаг нь үнэртсэн цоо шинэхэн автобусанд зочдыг суулгаж, нэг км орчим явж сонирхууллаа.

Г.Элбэгсайхан: Автобусныхаа эд ангиудыг Монголынхоо нөхцөлд тааруулж захиалдаг

“6760S” автобусны талаар “Номин моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Элбэгсайханаас тодрууллаа. 

-“6760S” автобус ямар өртгөөр худалдаалагдах вэ?

-Автобус үйлдвэрлэлийг Монголдоо хийж байгаагийн хамгийн гол давуу тал нь өртөг байгаа. Бид Японы “Исузу” компанитай урт хугацааны гэрээгээр хамтарч, тэндээс деталь эд ангиудаа Монголын зах зээлд таарсан өртөгөөр авч байгаа. “6760S” автобусны хувьд зах зээлд 195 сая төгрөгөөр худалдаалагдах юм. Энэ нь импортын автобуснаас 10-20 хувийн хямд өртөг юм.   

-Энэ жилээс эхлэн үйлдвэрлэлдээ япон технологийг нэвтрүүлж байна гэлээ. Японы “Исузу” компанийн онцлог, давуу тал нь юу юм бэ?

-“Номин моторс” компани 2018 оноос эхлэн “Исузу” компанитай албан ёсоор хамтарч ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээ зөвхөн автобус бус бүх төрлийн ачааны авто машины үйлдвэрлэл байгаа. Дэлхийн зах зээлд “Исузу” ачааны автомашины үйлдвэрлэлээр нэлээд танигдсан бөгөөд Япондоо борлуулалт болон чанараараа нэгдүгээрт ордог. Олон Улсын онгоцны буудлуудад явж байгаа ачааны машинууд бүгд “Исузу”-ийнх байдаг. Хамгийн гол давуу тал нь эд ангиудаа Монголын зах зээл, замын нөхцөлд тааруулж захиалж оруулж ирдэг. 

-6760S шиг бага оврын автобусны эрэлт хэр байдаг юм бэ?

-Манай орны нөхцөлд гол зах зээл нийтийн тээврийн автобусны хэрэгцээ байгаа. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 1000 гаруй автобус нийтийн тээвэрт явж байгаа гэж үзвэл зах зээлд жижиг оврын хүүхдийн автобус тийм ч их эрэлттэй биш байгаа. Гэхдээ бидний гол зорилго бол Монголынхоо автобусны хэрэгцээг дотооддоо 100 хувь хангах юм. Энэ зорилгынхоо төлөө үйл ажиллагаа явуулж байна.

-Нийслэлийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар ямар ажил хийж байгаа вэ. Эрэлт муу байгаа бол нэг талдаа алдагдалд орж магадгүй юм биш үү?

-2014 онд 20 автобусыг үйлдвэрлээд одоо нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа. Энэ автобусны хувьд үндсэн зориулалт нь нийтийн тээврийн үйлчилгээ гэхээс илүү  сургуулийн автобусны зориулалтаар үйлдвэрлэсэн. Нийтийн тээврийн автобус нь стандартын хувьд арай өөр байдаг. 

Ийнхүү үйлдвэрээс дөнгөж гараад буй 6760S загварын автобусыг туршилтын журмаар тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ.