ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦАГААН ЭРЭГЭЭ ТӨРД АВЪЯ

O.Admin
2019-01-17

Салхитын ордоос эхэлсэн орд газруудыг төрд авах У.Хүрэлсүхийн Засгийн газрын кампанит ажил ид дундаа өрнөж байна. 
Хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монголросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Харин уржигдар /2019.01.16/ Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж нэг ёсондоо төр мэдэлдээ авчээ. 

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор болсноо мэдэгдсэн. Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ ч Засгийн газар базааж байгаа нь сайшаалтай.

Олон жилийн өмнөөс Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эрэгийн гянтболд /вольфрам/-ын орд газар нь иргэдийн хууль бус олборлолтын улмаас хөндөгдөж, байгалийн унаган төрх ихээхэн алдагдсан. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх, нэмж сүйтгүүлэхгүй байх арга замыг аймаг, сумын удирдлага, захиргааны байгууллагаас эрж хайж, журам баталсан гэх ч ёстой л нөгөө “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг болсон юм. 

Цагаан эрэгийн ордод нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд  харин ч хууль бусаар ашиг олох ажиллагаа явуулж, “чонын амнаас гараад барын аманд” орсон аж. 

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталсан ч Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж, нөхөн сэргээлт нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох үүдийг нээж өгөв. Тухайн үед Ховд аймагт АН засаглаж байсан бөгөөд ийм хуудуутай шийдвэр гаргахад аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж асан Б.Баярсайханыг нөлөөлсөн гэж харддаг. Журам гэж хэлэхэд хэцүү энэ баримт бичиг батлагдангуут ердөө 5 хоногийн дотор олон нийтэд зарлаж мэдээлэхгүйгээр Цагаан эрэгт нөхөн сэргээлт хийх гэрээг “Ашид Алтай Майнинг” компанитай 7 сарын 09-нд байгуулсан нь бүр ч их анхаарал татна. Наадмын өмнөхөн иргэдийн анхаарал суларсан үед ингэж л но-той луйврын гэрээ байгуулжээ. Нөхөн сэргээлт нэрээр ахин уулыг нурааж усыг булингартуулах бусармаг үйлдэл ингэж эхлэв. Гэрээнд заасан хугацааг дур мэдэн хэтрүүлж дураараа авирласан тус компаний харгайгаар байгаль орчин сэргэх биш харин улам муужрав. 
2016 оны 05 сарын 04-ний өдөр “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г өөр хуулийн этгээд болох

“Өгөөжтэй өв” ХХК-тай орон нутаг байгуулжээ. Ингэж үйлтэй Цагаан эрэгийн орд “Торгон нутаг” клубын мэдэлд ирэв. “Өгөөжтэй өв”компаний захирал Г.Эрдэнэ-Очир нь Ховд аймгийн Булган сумынханы “Торгон нутаг” клубын Удирдах зөвлөлийн гишүүн. Харин “Торгон нутаг” клубын тэргүүн нь УИХ-ын гишүүн О.Батнасан, Удирдах зөвлөлийн дарга нь Цагаан эрэгийн ордтой холбоотой хууль бус хэрэгт холбогдон шалгагдаж буй АЕГ-ын дэд дарга Б.Үнэнбат гэгч ажээ. Шинээр гэрээ байгуулсан “Өгөөжтэй өв”–ийн балаг мөдхөн мэдэгдэж эхэллээ. Өмнө нь гэрээ байгуулж байгаль орчныг орвонгоор нь эргүүлсэн “Ашид Алтай Майнинг” ХХК-ийн адил ямар ч тусгай зөвшөөрөлгүй байсан нь гайхаш төрүүлнэ. Тэгсэн атлаа даварсан компани нөхөн сэргээх биш ашигт малтмал олборлож, ингэхдээ усны гольдрол өөрчилж, уулын энгэрийг тэслэж эхлэв. Ингэхдээ “Өгөөжтэй өв” ХХК 2017 онд эвдрэлд орсон 8 га талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр  “Мөнх цагаан сувд” ХХК, “Топ маунтайн” ХХК, “Грийн хоум ланд” ХХК, “Зэт Кэй Эй Экспресс” ХХК-уудтай туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажилласан байдаг. Харин дөнгөж 2018 онд л “Өгөөжтэй өв” ХХК-ийн энэхүү хууль бус үйл ажиллагааг сая нэг юм таслан зогсоов.

Энэ хэрэгтэй холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын мөнхийн дагуул түүний ойрын хүн гэгддэг Бийцээгийн Үнэнбатыг АТГ шалгаж буй. Чухам яагаад Б.Үнэнбат Д.Дорлигжавын мөнхийн дагуул болчихов гэдгийн мөрөөр мөшгөвөл урт түүх болно. Тэрээр Д.Дорлигжавыг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд байхад нь Тамгын газрын дарга нь, дараа нь Улсын Ерөнхий Прокурор болоход нь ч Прокурорын Тамгын газрын дарга, сүүлд Хууль зүйн сайд болоход нь мөн л сүүдэр шиг нь салахгүй дагаж ирээд яамны газрын дарга хийж байсан нэгэн. Энэ бүхний ард найз нөхөрлөлөөр халхавчилсан алба тушаал, мөнгө санхүүгийн эрх ашиг нуугдаж байжээ гэх хардлага эрхгүй төрнө. 

Б.Үнэнбат Д.Дорлигжав гэдэг том найзынхаа буянаар ёстой л нэг дураараа дургиж байсан бололтой. 2015 онд Орхон гол эх авдаг Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Харганат, Гүүт зэрэг уулын амуудад “Монгол газар” компаний алт угаах уурхайнууд ажиллаж уулыг нурааж, усыг эргүүлж байв. Байгаль орчинд ийнхүү дайн зарласан балмад үйлдлийнх нь хамгаалагч нь Д.Дорлигжавын сүүдэр Б.Үнэнбат байсан талаарх мэдээ Мэдээ.мн сайтад баримт болон үлджээ. Б.Үнэнбат гэгч Архангай аймгийн Цагдаагийн газарт өгсөн анхааруулгадаа Д.Дорлигжавынхаа нэрийг гул барьж “Хууль зүйн сайдын нэр дээр “Монгол газар” ХХК болон Эм Жи Эйч ХХК-аас хүсэлт гаргасан. Тус компаниуд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт олборлолт явуулахад, Архангай аймгийн цагдаагийн газраас үйл ажиллагаанд саад учруулж байгаа талаар дурьдсан байна. Иймд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулахгүй байхыг анхааруулж байна” гэсэн бичиг илгээж байж. 

Үүндээ амташсан Б.Үнэнбат дараа нь өөрөө Удирдах зөвлөлийг нь тэргүүлдэг “Торгон нутаг” клубээрээ дамжуулан “Цагаан эрэг”-т хуруугаа дүрж эхэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан “Торгон нутаг” клубын гишүүн Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй тус клубын хэд хэдэн гишүүнийг сэжигтэнээр татаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Торгон нутаг” клубынхэний мөнгөний уут болсон  “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн удирдлагууд болон Б.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү нарыг хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн удирдлагууд болон цагдаагийн газрын дарга нарыг татан оролцуулсан гэж үзэн өнөөг хүртэл шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Юутай ч Засгийн газар хууль бус үйлдлийн үүр уурхай, далд эдийн засгийн тод жишээ болсон “Цагаан эрэг”-ийн гэрээг цуцалсан нь сайн хэрэг. Гэхдээ энэ ордыг төрийн мэдэлд авлаа гээд назгай орхиж яасан ч болохгүй. 
Уржигдархан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлд есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг тусгажээ. 

Тусгай хамгаалалтад авах нь зөв хэдий ч зарим ордын тухайд асуудалд арай өөрөөр хандах шаардлага бий. Хэчнээн тусгай хамгаалалтад авсан ч нинжа нар дайрч орж хууль бусаар байгалийн баялаг олборлож байгаль орчинг сүйтгэн там болгодог гашуун жишээ дэндүү олон. Үүний дараа мөнөөх сүйрсэн газрыг нөхөн сэргээх нэрээр дахиад л “Цагаан эрэг”-т байгуулсан шиг хууль зөрчсөн гэрээгээр халхавчлан улам цөлмөж, хоосолж орхидог бараан түүх чамгүй олон байна. Тийм увайгүй компаниуд орон нутагт болоод улсад ямар ч татвар шимтгэл төлөхгүй , ямар ч хариуцлага хүлээхгүй зүгээр л байгаа баялгийг нь тонож, эрүүл газрыг нь хүртэл эргүүлэн сэндийчээд бултдаг бусармаг явдал дахин давтагдах ёсгүй. 

Тэгэхээр төр энэ мэт ордуудаа мэдэлдээ шууд авч,  ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ард түмэнд бүх үйл ажиллагаа нь ил тод, авдаг татвар хураамж нь ч  тов тодорхой, тухайн нутаг орныхоо хөгжилд нэмэр тустай байдлаар асуудлыг шийдэх нь хамгийн зөв шийдэл болж байна. Тийм ч учраас Засгийн газар хийсэн мэдэгдэлдээ эзэн болж Цагаан эрэгийн ордыг нөхөн сэргээлтээр халхавчилсан тонуулчдад өгөлгүй харин хариуцлагатай уул уурхайн жишиг болгон эдийн засгийн эргэлтэд оруулах нь олз хайсан луйварчдын оромж үүр болохоос хамгаалсан бодлого болох билээ.