ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Мөнхболд: “Гоёо” компанийн буруугаас болж миний дүү нас барсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-15

“Гоёо” ХХК-ийн үйлдвэрийн ээр­мэлийн агуулахад засварын ажил хийж байсан гурван хүн угаартаж, нэг нь нас барсан хэрэг 2018 оны арав­дугаар сарын 12-ны шөнө гарсан билээ.  Мөн тэр өдөр “Гоёо” ХХК-ийн 14 ажилтан угаартсан байдаг юм. Тэгвэл хэрэг гарах үеэр амь насаа алдсан залуугийн ах О.Мөнхболд манай сонинд хандаж, ярилцлага өглөө. 

-“Гоёо” ХХК-ийн үйлд­вэрийн байранд осол гарч, олон хүн угаартсан. Чухам юунаас болоод тийм асуудал үүсчихсэн юм бол?

-2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Гоёо” компанийн үйлдвэрт миний дүү хоёр хүний хамт ажиллаж байсан юм билээ.  Улмаар шөнө нь үйлдвэрийн байранд байсан хүмүүс угаартсан байдаг юм. Дүү маань үйлдвэрийн байрнаас гараад л уначихсан гэсэн. Улмаар түргэн тусламж дуудаж, эмнэлэгт очсон боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр хүний нэг нь сэхээн амьдруулах тасагт очсон. Нөгөөх нь гайгүй байсан учраас эмчилгээгээ хийлгээд, гайгүй өнгөрсөн байдаг юм. Үйл явдал болж өнгөрсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагууд надаас ярилц­лага, сурвалжилга ава­хаар ирсэн. Тухайн үедээ хэвлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл Шүүх эмнэлгийн бо­лон Мэргэжлийн хянал­тын дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгье гэдэг байр суурьтай байсан юм. Өм­гөө­лөгч маань ч гэсэн тэгж зөвлөсөн. Улмаар 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.  Тэр дүгнэлтээр бол угаартаж нас барсан. 25 хувийн буюу хамгийн өндөр угаарталттай гэсэн хариу гарсан. Дараа нь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гар­сан. “Гоёо” болон “Мөнх хаш” гэдэг хоёр компанийн хоёулан­гийнх нь буруутай үйлд­лээс болж энэ хүн нас бар­сан гэсэн дүгнэлт гарсан юм. 

-Чухам ямар шалтгааны улмаас угаартсан юм бэ?

Caption

-Асфальтан зам зүсдэг том дөрвөлжин моторт техник байдаг даа. Тийм техникээр “Гоёо” компанийн үйлдвэрийн шалыг зүсч байсан юм билээ.  Тэгэхдээ тухайн хэсгээ тусгаарлаад, гялгар цаасаар хаачихсан. Бүр агааржуулалтын сис­темийг нь хүртэл хаачихсан, ямар ч агаар орохгүй нөх­цөлд ажилласан. Тийм нөх­цөлд хоёр цаг орчим бетон шал зүссэн байдаг юм. Хөдөлмөрийн аюулгүй байд­лыг нь “Мөнх хаш” компани хариуцах ёстой байсан юм билээ. Ажлын тендер зарлахад нь “Мөнх хаш” гэдэг компани ялж, авахгүй юу.  Улмаар өнөөх ажлаа хүмүүсээр хийлгэж байхдаа хөдөлмөрийн аюул­­гүй байдлыг дутуу хангас­наас болоод дүү минь нас барчихлаа.  Мэргэжлийн хянал­таас дүгнэлт гараад, хоёр компанийг хоёулаа бу­руу­тай гэж үзсэн талаар би хэл­сэн дээ. Тиймээс “Гоёо” компани руу бид өмгөөлөгчөө явуулаад, Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдох ёстой нөхөн төлбөрийн асуудлыг яриулахаар болсон юм. Өмгөөлөгч маань очоод “Гоёо” компанийн хуулийн зөвлөх н.Хосбаяр гэдэг хүнтэй уулзсан. Эхэндээ бид­ний санал хүсэлтийг сон­соод, удирдлагууддаа танил­цуулахаар болсон бай­даг. Харин дараагийн удаа уулзахад н.Хосбаяр гэдэг хүн “Манай компани буруу­гүй. Шүүхийн байгууллагаар шийд­нэ” гэж ярьсан.  Шүүх эмнэлгийнхэн угаартаж нас барсан гэдэг дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтынхан “Гоёо”, “Мөнх хаш” компани буруутай гэдэг дүгнэлт гаргачихаад байхад манайх буруугүй гээд байгаа байхгүй. Би цаагуураа ашиг сонирхлын зөрчил яваад байна уу гэж хардаж байгаа. “Гоёо” компанийн сурталчилгааг телевизээр хардаг юм. “Гоёо” гэдэг нэрнээс нь дэлхийг гоёх сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, гадаад руу бүтээгдэхүүнээ гаргадаг, том компани гэж боддог. Тийм том газар хүний амь насыг өчүүхэн төдий ч бодохгүй байгаа. Би “Гоёо”, Мөнх хаш” компанийн удирдлагуудад үнэхээр гомдолтой байгаа.  Одоогийн байдлаар эдгээр компаниудын зүгээс бидэн­тэй ямар ч холбоогүй.  Тэнд хүний амь нас үрэгдээд, буяны ажлыг нь хийж байна даа гээд ярих ч хүн байхгүй.  Энэ асуудал цаашид өндрөө авбал би өмгөөлөгчтэйгөө хамт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгье гэж бодож байгаа. 

-Та нар тэгээд нэг л удаа уулзсан юм уу?

Caption

-“Гоёо” компанийн үйлд­вэрийн байдлыг очиж үзээд, чухам яагаад угаартчихав гэдгийг нь мэдэх гэж очихдоо л нэг удаа хүмүүстэй нь уулзсан. Түүнээс хойш огт уулзаагүй. 49 хоногийн буяны ажил нь саяхан дууссан. Тэр болтол ганц ч уулзаагүй, яриагүй.  Өмгөөлөгч маань нэг удаа уулзаж, санал хүсэлтээ тавьсан. Түүнээс хойш бас уулзаагүй л байна. 

-Хүний амь хохирсон, мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээ гаргасан. Мөрдөн байцаалтын ша­танд хэрэг нь явж байна уу, прокурор руу шилжсэн үү?

-“Гоёо”, “Мөнх хаш” ком­пани үйлдвэрийн ослын дүг­нэлт, актыг гаргаж өгөх ёстой. Хуулийн хугацаа нь ямар байдгийг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ одоо болтол энэ байгууллагууд дүгнэлтээ гаргаж өгөөгүй байгаа. Үүнийг гайхаж байна. Хэргийн мөрдөн байцаалт дуусаад, прокурор руу шилж­чихсэн. Удахгүй шүүх хурал нь болох байх. Гэхдээ түүнээс өмнө Хөдөлмөрийн хуулийн дагуу тэр компаниуд бидний хохирлыг барагдуулж өгөх ёстой. Гэтэл огт хөдлөхгүй байгаа. “Мөнх хаш” ком­панийн удирдлагууд буруутай гэдгээ мэдэж байгаа гэж ойлгож байна, “Гоёо” ком­панийнхан болохоор огт буруугүй гээд дайраад байгаа юм. 

-Мөнх хаш” компанийн удирдлагуудтай уулзсан уу. Юу гэж байх юм?

-“Мөнх хаш” компанийн захиралтай нэг удаа уулзсан. Тэр хүн “Би буруутайгаа мэдэж байгаа” гэсэн утгатай зүйл ярьсан. Одоо хэрэг хуулийн байгууллагаар шал­гагдаж байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна. Гэхдээ “Мөнх хаш” компанийн захирал бидэнтэй утсаар ярьж, уулзаж байгаа.  “Гоёо” компанийнхан болохоор “Мөнх хаш” руу л хамаг буруугаа чихээд өнгөрөх гэж хичээгээд байна уу гэж хардаж байгаа. Гэхдээ “Мөнх хаш” компанийнхан болохоор “Гоёо” ч адилхан буруутай гэдэг зүйлийг хэлдэг юм.  Бидний хувьд “Гоёо” нь буруутай бол хариуцлагаа хүлээ. “Мөнх хаш” нь буруутай юм бол бас хүлээх ёстой хариуцлагаа хүлээх л хэрэгтэй гэдэг өнцгөөс хандсан. Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хоёулаа буруутай гээд гарчихлаа. Тийм байхад яагаад “Гоёо” компанийнхан өөрсдөөсөө бурууг түлхэх гээд байгаа юм. Нэгэнт мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаж, угаартаж нас барсан гээд тогтоочихлоо. Ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Толгойны бага зэргийн өвчин байсан ч энэ үхэлд нөлөөлөгүй байна гэсэн. Мэргэжлийн хяналтынхан “Гоёо” компанийн үйлдвэрийн газар ажиллах үед хөдөлмөр хамгааллыг 100 хувь хангаж өгөөгүй гэдэг дүгнэлт гаргачихсан.