ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хаана байна, тэр Ажлын хэсгүүд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-03

-УИХ-аас өнгөрсөн хугацаанд маш олон ажлын хэсэг байгуулсан ч цөөхөн хэд нь үр дүнтэй ажиллажээ-

Төрийн ажил гацаанд ороод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд УИХ-ын чуулган долоо дахь удаагаа хойшилж, байнгын хороод нийтдээ 20 гаруй удаагийн хуралдаанаа хийж чадсангүй. Гамшгийн дуут дохио өгөхөд ч болохоор байгаа утаа, агаар, хөрсний бохирдлыг хэлэлцэх учиртай БОХХАА-н байнгын хороо гэхэд л гурван долоо хоног хурлаа хойшлуулав. Аргаа барахдаа байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нь хүний нүүр харж чадахгүйд хүрчээ. Чуулганы танхимд Л.Энх-Амгалан дэд дарга ганцаараа суучихаад уучлалт гуйдаг болсон. УИХ-ын намрын чуулган нийтдээ ажлын 75 өдөр хуралдах ёстой ч дунд нь долоон удаагийн чуулган тасарсан гэж үзвэл хуулийн хугацаандаа завсарлаж чадахгүйд хүрээд байна. Төрийн ажил гацаанд орсноор маш олон хуулийн төслүүд хойшилж батлагдахгүй болов. Оюутолгойн хуудуутай үйлдлийг шалгах ёстой ажлын хэсэг сураг алдрав. “Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн талаар нэг ч шийдвэр гаргаж чадалгүй намрын чуулганы хугацаа дуусах нь ээ. УИХ өнгөрсөн хугацаанд маш олон ажлын хэсэг байгуулсан.

Тэдний дундаас ажлаа нэр төртэй нь хийсэн нь Д.Гантулга ёсзүйн зөрчил гаргасан эсэхийг шалгах ажлын хэсэг. Д.Хаянхярваа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажлаа ч хийж, Д.Гантулга ч гишүүний ажлаа өгсөн юм. Харин бусад ажлын хэсгийн тухайд чимээ сураг алдарсан. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг шалгах ажлын хэсэг хуулиа ч оруулж ирээгүй жил боллоо. “Эрдэнэт”, Оюутолгой зэрэг том ордуудыг дэнслэх ажлын хэсэг мөн л чимээ алга. Тэр ч байтугай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах учиртай ажлын хэсэг ч хоёр жил ажин түжин суув. “Дүлийдээ найдаад унгараг” гэгчээр шуугиан тарьсан сэдвийг “шүүрдэх” ажил авдаг ч ажлаа хаяж, сураг алдарчихсан эдгээр ажлын хэсгүүдэд хэн хэн байгаа, өнгөрсөн хугацаанд хэрхэн ажлаа хийснийг тоймлоё. 

Оюутолгойг шалгах улстөрчид сураг алдрав 

Өнгөрөгч оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулсан Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж байлаа. Энэхүү ажлын хэсэг нь гэрээнээс гадна “Оюу толгой” ХК татвараас нуугдаж, улсын төсөвт их хэмжээний өрийн дарамт үүсгэсэн эсэх асуудлыг ч нарийн шалгаж, УИХ-д мэдээллэх ёстой байв. Гэвч ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөн ч энэ асуудлыг УИХ-ын чуулганаар нэг ч удаа хэлэлцсэнгүй. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир хувийн шалтгааны улмаас хэмээн ажлаа Д.Тэрбишдагва гишүүнд хүлээлгэн өгч байлаа. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг яагаад УИХ хэлэлцэхгүй байгаа, явуулсан хяналт шалгалт нь ямар үр дүнд хүрсэн талаар нэг ч мэдээлэл алга. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар нарын гишүүд байгаа. Эдгээр хүмүүсээс дөнгүүр мэдлэгтэй нь Б.Жавхлан, З.Нарантуяа нар. Бусдынх нь тухайд Оюутолгойн орд газрын гэрээг дэнслэх мэдлэгтэй эсэхэд олон хүн эргэлзэж байлаа. Тэр ч ёсоор болж ажлын хэсгийн дүгнэлт сураг алдарч, он дамжин тоосонд дарагджээ. Зарим гишүүд нь ажлын хэсгээс гарсан гэх мэдээлэл ч оны сүүлд сонсогдоод нам жим боллоо. 

“Эрдэнэт”-ийн хувь заяа УИХ-ын гишүүдэд сонин биш

“Жаст” группын Ерөнхийлөгч асан Ш.Батхүү Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьсан асуудал намрын улс төр, намын зодоонд дарагдаад ажин түжин болов. “Стандарт” банкинд тавьсан өрийг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрч, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хилийн дээс алхах аргагүйд хүрчихээд байгаа. Нөхцөл байдал өнөөдөр муудсан уу гэхээс сайжирсангүй. Энэ бүх асуудлыг цэгцлэх, өр тавьсан буруутан хэн болох “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд буй нөхцөл байдалд монгол төр ямар байр суурь илэрхийлэх нь чухал болоод байсан үед УИХ-ын дарга мөн л захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж байлаа. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав даргалсан билээ. Түүний ахалсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан, Д.Ганболд нарын гишүүд багтсан. Гэвч мөн л нэг жил өнгөрсөн ч ажлын хэсэг тайлангаа УИХ-д тавьсангүй. Асуудлыг санаатай, санаандгүй хаацайлж явсаар таг чиг болжээ. УИХ-аас хэрэг болгож томилсон ажлын хэсгийн талаар Я.Санжмятав гишүүн цөөн хэдэн удаа хэвлэлээр дуугарсан ч УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж чадахгүй гацаанд оржээ. 

Агаарын бохирдол ихэссэн ч ажлын хэсэг нэг ч удаа хуралдсангүй 

УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн билээ. Ингэснээр УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар асуудлыг яаралтай хэлэлцэж, “Хууль тогтоомжийн хэрэгжилт, тогтоол шийдвэрүүдийг хянах, санал дүгнэлт боловсруулан Засгийн газарт чиглэл өгөх” үүрэгтэй ажлын хэсгийг байгуулж байлаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар ажиллахаар болсон юм. Гэвч ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд цөөхөн удаа ажлаа хийсэн. Хаа нэгхэн гэр хорооллоор явж яндангийн утаатай танилцсан. Сэтгүүлчдэд ажлаа тайлагнаж байна хэмээн цуглуулчихаад “Утааг бууруулах хамгийн зөв шийдэл нь орон сууцжуулах” гэсэн ганц үг хэлснээс өөр үр дүн гаргасангүй. Нийслэл хотын утаа өмнөх жилүүдээс нэмэгдэж, утааны асуудлаар хяналтын сонсгол хийх санал Ерөнхийлөгч гаргасан ч ажлын хэсэг үүнийг дэмжсэнгүй. Ажлаа ч хийсэнгүй. Угтаа УИХ-ын дарга тушаал гаргаж тараагаагүй бол энэ ажлын хэсэг ажлаа хийж, Засгийн газарт ташуур болж байх учиртай юм. 

Үндсэн хуулийг өөрчлөх сонирхол эрх баригчдад алга 

Дараагийн том ажлын хэсэг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг юм. Энэхүү ажлын хэсэгт нийт 40 гаруй гишүүн багтсан байдаг. Хоёр жил орчмын хугацаанд энэхүү ажлын хэсэг хуралдах гэж гурилдсан. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг ч ард нийтээр хэлэлцүүлнэ хэмээн хоёр жил гаруйн хугацаанд “сүржигнэж” давхилаа. Үр дүн харин гарсангүй. 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдаж, өдгөө хоёр жилийнхээ ойд хүрэх гэж байгаа ажлын хэсгээс үр дүн гарсангүй, ахиц дэвшил ч алга. Энэ хэвээр цаашдаа явсаар 2020 онд эрх баригчид өнөөх л Үндсэн хуулиа өөрчлөх мөрөөдөлтэйгөө сууж байж магадгүй болоод байна. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд эрэмблэгдсэн ч чуулган завсарлахад цөөхөн хэдхэн хоног үлдсэн энэ цагт тэд эхлүүлж ч чадсангүй. 

Хэнтийн нөхөн сонгууль “будаа боллоо”

СЕХ-ны зүгээс УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, сонгуулийн зардлын хэмжээг батлах саналаа УИХ-д хүргүүлсэн. Улмаар, УИХ нөхөн сонгуулийг явуулах үүднээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ хүрээнд УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан билээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ажлын хэсэг байгуулсан бөгөөд гишүүд нь Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, хуулийн төслийн талаарх томьёоллыг бэлэн болгох үүргийг ажлын хэсэгт өгөөд байв. Гэвч ажлын хэсэг дахиад л хуралдаж чадсангүй. Хэрвээ нөхөн сонгуулийн тов тогтоох, хуулийн өөрчлөлт буюу сонгуулийн тов зарласнаас хойш тав хоногийн хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн байх өөрчлөлтөө оруулж чадахгүй бол дахиад л Үндсэн хуулийн зөрчил рүү явах билээ. Иргэний эрх зөрчсөн гэх үндэслэлээр дахиад бүрдрэх эсэх нь энэхүү ажлын хэсэг хурлаа хийж, хуулийн төслийн өөрчлөлтөө УИХ-д оруулж ирэх эсэхээс шалтгаалж байна. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг шалгах түр хороо байгуулахаар болсон ч энэ нь мөн л ахиц дэвшил гаргасангүй.