ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ыг тараахын тулд Ерөнхийлөгчтэйгөө нийлээд өлсгөлөн зарлая

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-31

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч даваа гарагт УИХ-ын дарга М.Энхболдод парламент өөрөө санаачилгаараа тарах саналыг зөвшилцөхөөр хүргүүлэв. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.11 дэх хэсэгт “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Их хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа УИХ-д оруулахад саад болохгүй” заасан байдаг. Ингэснээр УИХ Ерөнхийлөгчийн санаачилгыг долоо хоногийн дотор хэлэлцэж, 3/2 кнопоор өөрсдийгөө авч үлдэх үү, үгүй юу гэдгээ шийднэ.

Үе үеийн Ерөнхийлөгч нараас анх удаа хуульд заасан бүрэн эрхээ төрөл бүрээр тов тодорхой хэрэгжүүлж, парламентад хяналт тавьж, авлига хүнд сурталд идэгдсэн ардчилсан парламентыг эмхлэх ажилд Төрийн тэргүүний хувиар анхаарал тавьж буй анхны Ерөнхийлөгч нь Х.Баттулга болж байна гэхэд хэтийдсэн магтаал болохгүй биз. Өмнөх Ерөнхийлөгч нар шиг уран гоё илтгэл тавьж, улс төрийн лобби хийхдээ эрх мэдлээ далайлгасангүй. Харин улс оронд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг цэгцлэх гэж, УИХ-ыг эрүүл, шударга байлгах гэж зүтгэж байгааг нь хэсэг бүлэг зориудаар харлуулж буйг та бид харж байгаа. Нэг компанийн эрх ашгийг илтэд дэмжиж, хэдхэн төгрөгөөр амаа үдүүлчихсэн жиргээч нэртэй “тэнэг”-үүдийн харлуулах гэсэн үйлдэл харамсалтай нь ард түмний дэмжлэгийн эсрэг хүчгүйдэж байгааг нуух юун. Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлэг тэмдэг гэсэн хүлээсээр өөрийгөө хүлж, юу хүссэнээ хийж, аль дуртай шийдвэрээ гаргаж, тэр ч байтугай парламентын танхимыг ор хөнжлийн гутамшигтай үйлдлээрээ шившиглэж байгаа улстөрчидтэй хөл, толгойгоо нийлүүлж суугаагүйд нь ард түмэн талархаж байгаа. Тэд Ерөнхийлөгчөөс үүнийг хүсч байсан нь худлаа биш. Яагаад гээч, УИХ-ын нэр хүнд өнөөдөр ямар хэмжээнд очоод байна вэ. Энэ асуултыг улстөрчид өөрсдөөсөө асууж үзсэн болов уу.

Харамсалтай нь үгүй. Харин ард түмэнд бол хариулт бий. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон энэ цагт УИХ-ын нэр хүнд тартагтаа тулчихсан учраас УИХ-ыг тараах санал эхлээд эгэл иргэдээс гарч буйг мартуузай. Экс гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргээр эхэлсэн булай шившиг нь удалгүй АН-д халдаж, өмд гутлаа тайлсан асуудал яригдлаа. “Эрдэнэт” үйлдвэрийг булааж авсан гутамшигтай шийдвэрийг УИХ хамгаалж үлдлээ. Гадны нэг компанийн татвар төлөлтийн асуудлыг шалга гэж үүрэг өгөхөөр бүтэн нэг жил дараад хэвтчихдэг чадамжгүй гишүүдтэй болов. Нэг нам атлаа 32, 33-аараа хуваагдаж суучихаад хоёр жил төрөөр тоглолоо. Эцэстээ засгаа хамгаалж үлдэхийн тулд 950 саяар нь ЖДҮ-ийн зээлийг гишүүдэд тарааж, улс орноо шившиг болгож байна. Ерөнхийлөгч нь өлсгөлөн зарлана гэж ярьж суугаа нь инээж, шоолох гэхээс илүү энэ улсыг ямар шившигтэй байдалд оруулснаа ойлгоход хангалттай баймаар юм. УИХ-аар яг одоо хэлэлцэж байгаа 2019 оны төсвийн төслийг харъя. Улс дотор улс байгуулж байгаа аятай Сангийн сайдын тойрогт 50 гаруй тэрбумаар нь төсөвлөж, МАН, АН-ын улстөрчдийн халаасанд таван тэрбумыг бэлэг болгоод өгчихжээ. 2019 оноос эхлэн дэлхийн эдийн засаг хямрах нь тодорхой гэж ярьсаар байхад хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихаад түүнийгээ гавьяа хэмээн сурталчилж явна, Сангийн сайд нь. “Хэл амгүй баталчих байхад ЖДҮ гэх мэтээр асуудал гаргаж ирлээ” хэмээн нэг гишүүнээ Ерөнхий сайд нь бүлгийн хурал дээр загнаж суугаа нь эрүүл парламентаас, ёс зүйтэй улстөрчдөөс гарах үйлдэл мөн үү.

Бүр гурван удаа парламентад суусан МАН-ын гишүүн “Нэг тэрбум төгрөг авсан. Тэгээд яах гээв” хэмээн Ерөнхийлөгчийнхөө өөдөөс ахархаж суусан талаар өчигдөрхөн ярилцлагад орохдоо хэлнэ билээ. Ухаандаа, Ерөнхийлөгч “Би ард түмний эв нэгдлийг хангагч” гээд л улсаа дампууруулах төсвийг нь хамгаалж, Увс аймагт улс байгуулахыг нь дэмжиж, бүр ЖДҮ-ийн мөнгөнөөс хулгайлсан арчаагүй хулгайг нь нуугаад явж байх ёстой юм байх. Тийм зүйл гэж юу байх билээ, найз нар аа. Ингэлээ гээд 65-ын бүдүүн бүлэг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг огцруулъя, Ерөнхийлөгч муухай харагдаж байна гэсэн явуургүй пиар хийж, өөрсдийгөө хамгаалах нь тодорхой. Гэвч нэг тойргийн хэдхэн хүнээс илүүтэй бүх ард түмний саналаар хоёр ч удаа ялаад гараад ирсэн хүн МАН-ын 65-д бууж өгөөд, суудлаа өгөх нь ч юу юм. Авлигачаасаа салъя, луйварчдыг хөөж явуулъя гэж УИХ-ын гишүүд хамгийн их ярьдаг. Тэгээд явуулъя гэхээр өмөөрч, өмгөөлдөг баймааргүй байна. Энэ үг иргэдэд ч хамаатай. Ертөнцөд шившиг болгож байгаа хүмүүс нь улстөрчид та нар өөрсдөө юм шүү. Ингэж бичлээ гээд Х.Баттулгад ая тал засах гэсэн, эсвэл түүнийг магтан дуулагчдын нэг гэсэн үг огтоос биш юм. С.Ганбаатар, эсвэл М.Энхболд нь гарч ирээд энэ бүхнийг ярьсан бол ялгаагүй л дэмжинэ. Бүх ард түмний сонголтоор Ерөнхийлөгчийн суудалд очсон үүргээ биелүүлж чадаж байна хэмээн магтах байлаа. Гоё лекц тавихаар, эсвэл АНУ явж Трамптай уулзаж, Хятадад очиж Си даргатай гар барьчихаар бодлого ярьдаг Ерөнхийлөгч болчихдог юм биш.

Өмнөх Ерөнхийлөгчийн дүр эсгэсэн уран хоосон нүүдэлд бид хангалттай нүдээ боолгочихож. Одоо хөрсөн дээрээ бууж, нүдний боолтоо авцгаая. Дэлхий дахины геополитик ярьж, АНУ-тай очиж гар барих нь алс хэтийн том ажил хэмээн цэцэрхэж суух зуур энэ улс орон дотооддоо сүйрч дууслаа. 76 улстөрчийнхөө дуусашгүй шуналыг хянаж чадахгүй хямралд орчихоод байна. Хулгай хийснээ гавьяа мэтээр гайхуулж, эргүүлээд төлчихнө сүртэй юм гэж загнаж байна, тэд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэгчээр ядарсан ард нь дуугүй даруухан байх тусмаа улстөрчид нь бидний толгой дээр “таанц” эргэх болжээ. Эхлээд дотоодын жижиг асуудлаа цэгцэлж, дэлхий нийтийн өмнө нүүр улайхгүй болчихоод дараа нь тэр гар барих, мөнгө гуйх, хамтын ажиллагаа зэргээ ярьцгаая. Чин үнэнийг хэлэхэд олон улс орны өмнө бид нүүр хийх газаргүй болчихсон шүү. Мөнгө гуйдаг, өгөөд явуулахаар хэн хаана үрсэн нь мэдэгдэхгүй. Нэг төсөл хөтөлбөр яриад явуулахаар мөнгө нь орсон атлаа ажил нь явдаггүй. Судлаад үзэхээр улстөрчид нь дээгүүрээ хуваагаад хүртчихсэн байдаг олон жишээ бий. Үүнийг нь саяхан Брюссель улсад болсон АСЕМ-ын хурлын үеэр хангалттай мэдэрснээ Ерөнхийлөгч хэлж байна билээ. Тэрбээр, “АСЕМ-ын хурал Брюссельд боллоо. Тэнд гадна, дотны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай уулзаж, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. Тэд “Танай авлигын индекс ийм муу үзүүлэлттэй байхад хөрөнгөө бариад ордог тэнэг бизнесмен байхгүй шүү дээ” гэж хэлэнгүүт би хэлэх үггүй болж байна” гэв. Бид ингэтлээ гадаад ертөнцөд нэр хүндгүй болчихож. Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдоод ийм болгочихсон гэдэг үлгэрт чинь хүн байтугай, хүүхэд ч итгэхгүй.

Харин ийм болгосон хүмүүс нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй, УИХ ажлаа сайн хийж байгаа хэмээн арьсаа хамгаалж сууна. УИХ-ын даргад зөвшилцөх санал хүргүүлсний дараа сэтгүүлчид нэр бүхий гишүүдээс энэ саналыг дэмжих эсэх талаар санал асуусан байгаа юм. Нийт 10 гаруй гишүүдээс яг энэ асуултыг асуухад “Маш хүнд байдалтай байсан эдийн засгийг өөд нь татаад явж байна. Нэг жилийн хугацаа үлдчихээд байхад тараах шаардлагагүй. Хуульд эрх нь байгаа ч тарахгүй. Бид ажлаа хангалттай хийж байна” гэсэн тайлбар өгсөн байгаа юм. Ганцхан С.Жавхлан гишүүн энэ талаар одоо ярихгүй, гэхдээ ярих цаг болсон гэх тайлбар өгчээ. Тэд албан тушаалд ингэж л дурлаж байх юм. Харин жирийн иргэдэд очих ёстой мөнгөө хулгайлдаг, төсөвт таван тэрбумаар мөнгө суулгадаг, бүсгүй хүн хүчинддэг, албан өрөөндөө архи уудаг, ажлын цагаараа зугаалдаг, сайдын суудлаар шантаажилдаг асуудлаа тэд нэг ч ярьсангүй, бүр хөндөхийг ч хүссэнгүй. Хууль, хүчний байгууллага нь Ван, Ян гэх хоёр хятадын гарт орчихоод байхад өөрчлөхийг чөлөөлөхийг тэд хүссэнгүй. Тиймээс авлигаа хамгаалдаг АТГ-ын даргаа, Ерөнхий прокурор, шүүгчээ өмгөөлөхийг хүсч, хамгаалж байгаа УИХ-ыг өөрчилж байж л хууль шүүхийн байгууллагаа цэвэрлэх юм байна. УИХ-аас цаашдаа юу ч хүлээгээд нэмэргүй учраас Ерөнхийлөгчтэйгөө нийлээд өлсгөлөн зарласан ч яадаг юм, ер нь. Тийм бодолтой хүн ч олон байна. Засгийн газрыг хэд, хэд огцруулаад засрахгүй нь тодорхой учраас одоо УИХ-аа тарааж үзье. Тэгж байж л энэ улс цэвэрших биз.