ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Болорчулуун: Би зээл авснаа нуухгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-25

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх  сангаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбум, УИХ-ын Х.Болорчулуун, Г.Солтан нар тус бүр 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэ талаар холбогдох хүмүүсээс нь тодруулахад , ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Би зээл аваагүй. Надад компани байхгүй” гэж мэдэгдсэн. Харин ЗТХ-ийн сайд Я.Содбаатар болон УИХ-ын гишүүн Г.Солтан нар утсаа авсангүй. Ингээд УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбогдож, “таван үг” солилоо.

-Сайн байна уу, таныг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх  сангаас 950 сая төгрөгийн зээл авсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Гэхдээ би хувьцаа эзэмшдэг. Зээлээ графикийн дагуу төлөөд явж байгаа.

-Хэзээ авсан зээл юм бэ. “Дорнод гурил” ХХК нь өөрийн тань үүсгэн байгуулсан компани мөн биз дээ. Хаана үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?
-Өнгөрсөн жил авсан зээл. Ер нь жижиг, дунд үйлдвэрийн зээл худалдаа наймаа, банк санхүү, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтийн зүйлд санхүүжилт нь явах ёсгүй. Ийм зориулалтаар явсан тохиолдол байдаг юм билээ. Манайх зөвхөн үйлдвэрийн зориулалтаар авсан. Одоогоор талх, гурил үйлдвэрлээд явж байна. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Мөн өнгөрсөн жил ургац алдсанаас үүдэн төсөл бичээд зээл авсан юм билээ. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамрагдсан. Би зээл авсныг нь сүүлд мэдсэн. Анх удаа л зээл авсан нь энэ.

-Танай үйлдвэр хаана үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Одоо ажиллаж байгаа юу?
-Хэвийн ажиллаж байгаа. Дорнодод үйл ажиллагаагаа явуулж байна.

-950 сая төгрөгийн зээлийнхээ хэдэн хувийг төлсөн бэ?
-Энэ талаар нарийн мэдээлэлгүй байна. Зээлээ хугацаанд нь төлж байгаа. Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэдэн жилийн хугацаатай авсан зээл юм бэ?
-3-5 жил байх. Яг тэдэн жил хэлж мэдэхгүй байна.

-Та түрүүнд хувьцаа эзэмшдэг гэсэн. Жинхэнэ эзэн нь хэн юм бэ?
-н.Бадарч гэж хүн бий.