ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ПРОГНОЗ: Хоёрдугаар тойрогт олигархиудын зодоон өрнөнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-03-29

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 10 мандаттай тойргийг уншигч танд энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ. Энд нэр дурдагдсан хүмүүс зөвхөн тойргийн горилогчид бөгөөд албан ёсоор эцэслээгүй, намаасаа тойрог авахаар горилж буйгаа мэдэгдсэн хүмүүс гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.

Тавдугаар сарын 20 гэхэд нэр дэвшигчид эцэслэх үед нэг биш хүмүүс нь хойш сууж, намын бодлогоор хасагдаж, шинээр ганц нэг нэр дэвшигч орж ирэх магадлалтай ч нэрс тэгтлээ өөрчлөгдөхгүй болов уу. УИХ-ын хамгийн том тойрог буюу 70 гаруй сумтай, 189.753 сонгогчтой хоёрдугаар тойргоос хэн ялж гарч ирэхээс магадгүй ирэх сонгуулийн өнгө төрх ч харагдана хэмээн дүгнэчихэд буруудахгүй нь ээ.

Нэгдүгээр тойрог буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангайд томчуудын тохироо хийгдэж байгаа бол энэ тойрогт эсрэгээрээ мөнгөтэй томчууд, олигархиудын зодоон өрнөх нь тодорхой болж байна. Монголын хамаг л томчууд мөнгөөрөө, хэр олон царцаа нүүлгэснээрээ “зодолдох” уг тойрогт МАН-ын нэр дэвшигч нар илүү хүч чадалтай харагдаж буй ч Ардчилсан нам ч ялгаагүй хамаг л мөнгөтэй нэр дэвшигчдээ илгээхээр бэлтгэлээ базааж байна.

О.Цогтгэрэл 10 нэр дэвшигчээ толгойлж, Ш.Адьшаа гол санхүүг гаргах уу

Олон ястны өлгий нутаг Ховд аймгийг төлөөлөх АН-ын нэр дэвшигч, горилогсдыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа толгойлох ажээ. Монголын хамгийн нөлөө бүхий баячуудын нэг учраас намд өгөх хандивын мөнгөө бэлдчихсэн, уулзалт хурлын гол санхүүжилт ч түүнээс гарах юм гэнэ билээ. Ховдынхоо сэтгүүлчдийг тойглоод тун ч завгүй яваа.

Мөн Б.Пүрэвдорж гишүүн тойрогтоо нэр хүндээ алдаагүй яваа учраас энэ удаа ч хүчтэй өрсөлдөгч байх нь ээ. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиа баримталж, дөрвөн аймаг нэгдээд 10 нэр дэвшигч өрсөлдүүлж буй уг тойрогт эмэгтэйчүүдийн квотыг намууд 30 хүртэл хувиар хангаж байгаа бололтой. Тиймээс энэ тойрогт АН-ын ҮБХ-ны гишүүн, Ховд аймгийн тэргүүлэгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох Д.Мөнхцэцэгийн нэр яригдаж байгаа. Тэрбээр, намын даргатай тохирчихсон хэмээн итгэж, өөрийгөө таниулахаар уулзалт хийгээд аймгуудыг тойрч байгаа.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд С.Бямбацогтын баз, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт энэ удаагийн сонгуулиар төрсөн нутагтаа өрсөлдөхөөр намын даргатайгаа тохироо хийж чадсан байна. Хутагтуудын өлгий нутаг Завхан аймгийг төлөөлөн өрсөлдөөнд орж ирэх АН-ын нэр дэвшигчид мөнгө, бэл бэнчин гэхээс илүүтэй мэдлэг боловсролоороо тойргоо өнгөлж байгаа.

Тухайлбал, АН-ын нөлөө бүхий улстөрч, Завхан аймгийн Засаг дарга, Төрийн банкны захирал асан Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Батсайхан нэр дэвшихээр бэлтгэлээ хангаад явж байгаа. Өнгөрсөн сонгуулиар Завхан аймагтаа хүчтэй өрсөлдөгч байсан учраас энэ удаад илүү боломж буюу дөрвөн аймгийг төлөөлөн санал авч чадна хэмээн нам нь үзэж буй юм билээ.

Ардчилсан нам энэ аймагт эмэгтэйчүүдийн квот өгөхгүй байхаар шийджээ. Өмнөх сонгуулиар өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа энэ удаа хойшоо сууж, өөрийн охин С.Цэнгүүнийг намын жагсаалтад оруулахаар ярьж буй гэх. Хэрвээ С.Цэнгүүн урдуур эрэмбэлэгдэж чадахгүй бол З.Нарантуяа өөрөө “Нэг ардчилал” фракци буюу намын даргын фракцид харьяалагдаж буй давуу талаа ашиглан, жагсаалтын урдуур орохоор намын даргатай яриа тохироо хийгээд явж байгаа гэх.

Ээж, охин хоёрын нэг нь л жагсаалтад орох бөгөөд З.Нарантуяа охиндоо давуу байдал олгож, өөрөө хотын аль нэг дүүрэгт өрсөлдөнө гэсэн яриа ч нам дотроос дуулдаж байна. Тэгвэл өмнөх сонгуулиар Хан-Уул дүүрэгт өрсөлдсөн Монголын мэргэшсэн нягтлан бодогч, Эдийн засгийн ухааны доктор Банзрагчийн Түвшин өрсөлдөөнд орж ирэх нь ээ. Тэрбээр, Завхан нутгаар овоглодог бөгөөд “Хаан даатгал”-ын эзэн, “Хаан заяатай орчлон” дууны зохиогч, Ардын жүжигчин С.Батсүхтэй хамтран уран бүтээл туурвидаг гэдгээр нь уншигчид илүүтэй таних болов уу. Харин УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын тухайд намын жагсаалт руу “горьдох”,  чадахгүй бол тойрог руугаа зүтгэж, Д.Батсайханыг намын жагсаалт руу түлхэхээр санаархаж яваа гэнэ лээ.

Увс аймгийн нэр дэвшигчдээс гадна, хоёрдугаар тойргийн бүх нэр дэвшигчдээ ахлах хүн нь “Тэсо” группын эзэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байх гэнэ лээ. Мөнгө санхүү, группын санхүүжилтээрээ ч, УИХ-д сууж хуримтлуулсан туршлага, зангаргаараа ч намдаа үнэлэгдэж буй учраас 10 нэр дэвшигчээ ахалж явах үүрэг хүлээжээ, тэр.

О.Цогтгэрэл энэ тойрогт МАН-ын олигархиудтай өрсөлдөнө. Угтаа хоёрдугаар тойрог тэр чигээрээ Монголын хамаг л гайгүй мөнгөтэй, бизнесмэн, олигархиудын өрсөлддөг тойрог байсаар ирсэн, энэ удаад ч тэр имиж алдагдахгүй нь ээ.

О.Цогтгэрэлтэй хамт Увс аймгийг төлөөлөх горилогч буюу Улсын заан Д.Бумбаярын гэргий, НИТХ-ын тэргүүлэгч асан, өдгөө МоАХ фракци буюу Х.Баттулгын тэргүүлсэн “Хөх туг”-ийн дор нэгдсэн Ц.Одонтунгалаг даагаа нэхэхээр бэлтгэлээ базааж байгаа. Хэрвээ баруун аймаг буюу хоёрдугаар тойрог эмэгтэй нэр дэвшигчид халтай гэж үзвэл Ц.Одонтунгалагийг жагсаалт руу татаж, Цөмийн физикч Норовын Тэгшбаярыг АН-аас илгээхээр ярьж байгаа гэнэ. Мэдлэг боловсролоор намын дунд үеийнхэн дундаа толгой дээгүүр ч санхүү мөнгөний хувьд олигархиудтай өрсөлдөх боломж хараахан хумигдмал ч гэлээ Ч.Хүрэлбаатар тэргүүтнийг сөгдүүлье хэмээвээс мэдлэгтэй боловсон хүчнээ нам нь бодлогоор дэмжээд явуулахад буруудах зүйлгүй. Мөн Увс аймгийн Засаг дарга асан, Хуульзүйн сайд асан Ц.Нямдоржтой эцэг нэгтэй гэгддэг Д.Цэндсүрэн энэ тойрогт өрсөлдөх нь ээ.

Говь-Алтайн хоёр мандатыг Аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, МоАХ фракцийн хүн буюу ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан О.Батханд гэж яригдсан ч тайзанд сууж буй горилогсдоос харвал эрэгтэй нэр дэвшигч явж, О.Батханд хотын аль нэг дүүрэг рүү явах магадлалтай. 

МАН-ын олигархиуд багаараа гарахаар бүх чадлаа дайчилна

МАН-аас Ховд аймгаа төлөөлж хоёрдугаар тойрогт өрсөлдөх улстөрчдийг уламжлал ёсоор С.Бямбацогт тэргүүлнэ. Түүнээс өөр боломжтой сонголт одоогоор МАН-д алга. Хэдийгээр улс төрийн намууд өмнөх хууччуул, эсвэл нэр хүнд муутай улстөрчдөө хасах бодлого барьж байгаа ч баруун аймагт түүний бий болгосон нэр хүндийг барж идэх хүн МАН-д одоогоор алга.

Тухайлбал, энэ тойрогт залуу нэр дэвшигч, Уул уурхайн Дэд сайд О.Батнайрамдал явна гэсэн яриа байсан ч Харвардын боловсролыг нь баруун аймгийнхан ойлгох нь юу л бол. Тиймээс О.Батнайрамдал намын жагсаалт руу, эсвэл хотын аль нэг тойрогт нэр дэвшихээр яригдаж байгаа. Ийм санаархлаа ч намын даргадаа илэрхийлжээ. Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа аавынхаа төрсөн нутгаас УИХ-д өрсөлдөх тухай яригдаж байгаа ч баруун аймаг эмэгтэйчүүдэд тийм ч таатай биш. Энэ тойргоос эмэгтэй нэр дэвшигч ялж байсан тохиолдол бараг байхгүй.

Тэгэхээр О.Батнайрамдал хүчээр Ховд руу “цөлөгдөж”, Э.Болормаа харин намын даргын дэмжлэгээр эмэгтэйчүүдийн квот авч, жагсаалт руу орж ирэх хувилбар ч яригдах боломжтой юм. С.Бямбацогт, О.Батнайрамдал нартай хамт УИХ-ын гишүүн асан О.Батнасан нэр дэвших магадлалтай. Эс бөгөөс С.Бямбацогт гадаадад боловсрол эзэмшсэн “ганган” хоёр залуутай хамт Ховдоо төлөөлөн дөрвөн аймгаар дөрөө харшуулах нь ээ. Хоёрдугаар тойрог дотроо хамгийн хүчтэй өрсөлдөөн гарах аймаг нь Увс гэж хэлж болно.

Эндээс О.Цогтгэрэл илт давуу ялахын тулд бүх хүчээ шавхана. Завхан, Говь-Алтайд найдахгүйгээр Увс, Ховдоо базчихвал ялах магадлал өндөр. Гэтэл энэ тойрогт Ч.Хүрэлбаатар дахиад очихоор яригдаж буй нь АН-ын нэр дэвшигчдийн толгойн өвчин болжээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд Увсыг орхиж, Хан-Уулыг тойглох болсоор удаж буй. Тэгвэл Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбат төрсөн нутагтаа өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Мөн Ч.Хүрэлбаатарын хүн гэгддэг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өрсөлдөхөөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. АМГТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус, тус ажиллаж байсан, мөнөөх л Ч.Хүрэлбаатарын итгэлт хүмүүн гэгддэг, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Б.Дашпүрэв өрсөлдөх санаархлаа илэрхийлж, аймгийнхаа намын хороонд бүртгэлээ илгээжээ.

МАН-ын мөнгөтэй улстөрчийн нэг гэгддэг Ч.Хүрэлбаатар багаа бүтнээр нь авч гарахын тулд бүх л хүчээ дайчлан, АН-тай зодолдох нь тодорхой болоод байгаа юм. Завхан аймгийн хоёр мандатын нэгт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг дахин өрсөлдөх аж. Тойргоо солих бодол байхгүй гэдгээ хэлсэн ч нам харин бодлогоор ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярыг өрсөлдүүлэх магадлал өндөр.

Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Баярсайхан том тойргоос тунчиг жийрхэж буй бөгөөд жагсаалтад багтахын тулд бүх хүчээ дайчлан намын даргын үүд сахиж суух болсоор уджээ. Хэрвээ Б.Баярсайхан баруун аймгийн хатуу тойргоос айж, намын жагсаалт руу орж ирвэл Г.Өнөрбаяр, Ц.Цэрэнпунцаг нар дөрөө харших юм билээ. Говь-Алтайн хоёр мандатыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хэдийнэ халаасандаа хийчихсэн. Өмнөх хоёр нэр дэвшигч буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар энэ удаагийн сонгуулийг өнжих бололтой. Учир нь тэд нүүрсчид хэмээн хэдийнэ цол гуншин авчихсан. Б.Энх-Амгаланд холбогдох хэрэг өдгөө шүүхийн шатанд яваа билээ.

...ХҮН, Н.Номтойбаярын толгойлсон эвсэл зэрэг улс төрийн бусад хүчнээс хэн нэр дэвших нь одоогоор тодорхой бус бөгөөд группын эздийн зодоон дунд дэмий мөнгөө үрэх хүн байхгүй л болов уу. Эсрэгээрээ өрсөлдөгчийнхөө саналаас зулгаалцах золионы буюу мөнгөөр нэр дэвших хүмүүс энэ тойрог руу очих магадлалтай. Аль ч улс төрийн сонгуулийн үед хэрэглэж байсан ижил нэртэй нэр дэвшигч илгээх, илүү олон хүн таних ч мөнгөгүй өрсөлдөгч явуулах зэргээр санал зулгаах тактик л хэрэгжинэ үү гэхээс олигархиудын зодоон дунд орж “цовдлуулах” ухаантан одоогоор бусад нам эвслээс тодроогүй байна.