ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

O.Admin
2024-01-17

Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв. 

Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ. Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.

Төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай ажиллахыг санууллаа. Кибер халдлага, олон нийтийн сүлжээн дэх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулж, мэргэжлийн хүний нөөц, программ, техник хангамжийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв.

Дотоодын цэргийн үүрэг гүйцэтгэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, онц чухал объектыг хамгаалах, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай, хөдөлгөөнт хүчин болгон бэхжүүлэхийг чиглэл болголоо. Алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг ханган, хууль засагладаг шударга нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг нь хангах, цахим шилжилтэд манлайлж, технологи, инновац нэвтрүүлэн, бүтээлчээр ашиглахыг зорилтоо болгожээ.