ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдэд өгдөг халаасны мөнгө хор болж хувирдаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-14

Сургуулийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар манай сонин өмнө нь сурвалжлан хүргэж байсан. Одоогоос хэдхэн сарын өмнө уг асуудлыг сурвалжилж байх үед сургуулийн насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна гэсэн судалгааг танилцуулж байлаа. Тэгвэл ердөө дөрөвхөн сарын дараа буюу өнгөрсөн баасан гарагт танилцуулсан судалгаагаар гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна гэсэн дүн гарчээ. Мэдээж үүний гол шалтгаан нь сурагчдын хоол хүнстэй шууд холбоотойг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Үүнээс үзэхэд сурагчдын хоол хүнсний асуудал сонсох төдийгөөр өнгөрөөж болох хэрэг биш болсныг эдгээр судалгаанууд харуулж байгаа юм.

Сургуулийн хүүхдийн хүнсний аюулгүй байдал гэдэг зөвхөн “Үдийн цай” гэх хэл ам дагуулсан хөтөлбөрөөр хязгаарлагдаж байгаа нь нууц биш. Хөтөлбөрт хамрагддаггүй ахлах, дунд ангийн сурагчдын хүнсний аюулгүй байдал үүний ард эзгүй үлддэг гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар сурагчдын 98.4 хувь нь сургууль доторх цайны газар болон, ойр орчмын үйлчилгээний цэгээр үйлчлүүлдэг гэсэн дүн гарчээ. Тэгвэл сургуулийн орчин дахь хүнснээс авсан 20 дээж тутмын 15 нь хэвийн бус байгааг тогтоосон тухай өчигдөрхөн сэтгүүлчдийн форумын үеэр танилцуулж байлаа. Тиймээс манай сонин уг асуудлыг дахин хөндөж, сурагчдын хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар сурвалжлах болов.

Ойр орчимд нь хамгийн олон ТҮЦ ажилладаг Гуравдугаар сургуулиас сурвалжлах ажлаа эхлэв. Тус сургуулийн хашааны урд таван ТҮЦ, баруун, зүүн талд нь хоёр хүнсний дэлгүүр ажиллаж байна. Эхний ТҮЦ-т ороход сурагчдын хамгийн их худалдан авдаг гэх пирошки, ороомог, кимбаб бүгд байна. Үнийн хувьд ороомог 800, том пирошки 700, жижиг нь 500 төгрөг аж. Үүнээс гадна хүүхдүүдийн хамгийн их сонирхдог төрөл бүрийн тоглоомтой чихрүүд ч төрөл төрлөөр байлаа. Пирошки болон ороомгийг хаанаас авдаг, хэзээ ирснийг нь асуутал худалдагч нь “Яах гээд байгаа юм бэ. Ямар учиртай хүн юм, чи. Авах юм уу үгүй юм уу” хэмээн зандрав. Тэндээс гарч хажуугийн ТҮЦ-т ортол мөн л дүүрэн өрчихөж.

Эдгээр хоолнуудыг хаанаас авдагийг нь тодруултал худалдагч хүү “Хажуугийн цайны газраас л авдаг шүү дээ” гэв. Харин өглөөгүүр байсан болоод ч тэр үү эдгээр хоёр ТҮЦ-ээс зайдуухан байрлах хоёр ТҮЦ-д пирошки, ороомог байсангүй. Гэвч таргалалтын гол шалтгаан гэгдэх төрөл бүрийн чихэр, чихэрлэг болон хийжүүлсэн ундаа дэлгүүр бүрт байлаа. Дээр дурьдсан судалгааны тайлангаас үзэхэд хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хэрэглээ хэт их байгаа нь бага насны хүүхдийн таргалах шалтгаан болж байгааг дурьджээ. Уг судалгаанд 2-16 насны хоёр хүүхэд тутмын нэг нь өдөрт 500 мл хэмжээтэй ундаа уудаг гэсэн дүн гарсан байна. Харин биеийн жингийн таргалалт нь эргээд чихрийн шижин, зүрх судасны өвчин, шүдний цооролт гэх мэтчилэн олон өвчнийг үүсгэдгийг Нийслэлийн Ерөнхий боловсролын 131 дүгээр сургуулийн эмч Ч.Эрдэнэцэцэг хэлж байлаа.

 

Сурагчдыг их завсарлагаанаар гаргахаа больжээ

Бид сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, сурагчид дэлгүүрээс ямар бүтээгдэхүүн авч байгаатай газар дээр нь танилцах гэсэн боловч багш нарын ажил хаялттай холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа сургууль бараг байсангүй. Эрэл сурал болсоор Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль ажиллаж байгааг олж мэдэн тус сургуульд очлоо. Сургуулийн хашаанд хүүхэд бужигналдаж, хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд нааш, цааш зөрөлдөх нь сая л хичээлийн шинэ жил эхэлснийг сануулав.

Дотогш орж үүдний жижүүрт ирсэн учраа тайлбарлаж, сурагчдын хүнсний замбараагүй хэрэглээний талаар яриа өрнүүлэн хуучилж суутал, шавь нараа эцэг эхэд нь хүлээлгэж өгч байгаа багш нар ярианд орж, асуудлын талаар нэлээд ярилцлаа. Багш нар тус сургуулийн хажууд ТҮЦ байхгүй ч сургуулийн хашааны баруун талд байрлах “Шавгийн овоо” гэх хүнсний дэлгүүр элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ороомог, пирошки худалдаалдаг болохыг шүүмжлэв. Сургуулийн захиргаанаас удаа дараа тус дэлгүүрт мэдэгдэх хуудас өгсөн ч албан ёсны зөвшөөрөлтэй хэмээн үл тоож өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа гэв. Анх ТҮЦ байсан уг газар томоохон дэлгүүр болтлоо өргөжсөнийг ч багш нар ярилаа. Сургуулийн захиргааны шаардлагыг хүлээж аваагүй тул их завсарлагаанаар сурагчдыг гадагш гаргахгүй болсон гэв. Манай сурвалжлах баг сурагчдыг гадаа завсарлуулахгүй болгосон  гэх “Шавгийн овоо” дэлгүүрт орлоо. Бидний өмнө дурьдсан хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд байна. Худалдагчаас пирошкины үнийг асуухад “650 төгрөг, халаавал 700 болно” гэлээ. Эдгээр хоолнуудыг хаанаас авдаг, хэд хоносон болон идвэл аюулгүй эсэхийг тодруулахад, худалдагч гайхсан байртай харснаа, “Өөрсдөө шошгыг нь хар. “Гайхамшигт дөрвөн улирал” ХХК-иас авдаг.

Би өдөртөө ороомог, пирошки, кимбаб тус бүрээс 60 ширхэгийг авдаг. Үд ч хүрэлгүй дуусчихдаг. Тиймээс хоносон болон хугацаа хэтэрсэн юм байхгүй. Манайх энд олон жил дэлгүүр ажиллуулж байна. Хордлогод ороод айхавтар болчихсон хүүхэд нэг ч алга. Түмний хүүхэд яагаа ч үгүй л өнөөдрийг хүрлээ” хэмээн ундууцав. Бид түүнээс сургуулийн шаардлагыг яагаад хүлээж аваагүйг нь асууж, сурагчдыг завсарлагаанаар гаргахгүй болсон талаар хэлэхэд худалдагч эр дуугаа гэнэт өндөрсгөн “Юу яриад байгаа юм бэ. Би хяналт шалгалтын байгууллагаас нь албан ёсны зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байна. Бизнесийн байгууллагад сургууль шаардлага тавьж, хянадаг болсныг би лав мэдэхгүй юм байна” гэв. Тус дэлгүүрээс чипс, зайрмаг, ундаа авсан сурагчид сургуулийн хашаагаар нааш, цааш хөлхөлдөж байлаа. Зайрмаг аваад гарч ирсэн гурван хүүхдээс өдөр бүр энэ дэлгүүрээс чихэр авдаг эсэхийг асуухад, “Заримдаа авдаггүй шүү дээ” гэв. Тэдний энэ хариултаас ихэвчлэн авдаг гэдэг нь илт байлаа. Сурагчдын ярьснаар тус дэлгүүрээс ангийнхан нь ихэвчлэн тамхин чихэр болон ундаа, чипс авдаг аж. Тамхин чихэр гэдэг нь тамхи шиг урт нарийхан хэлбэртэй өнгө өнгийн гаанууд ажээ. 

 

Эцэг, эхчүүд хүүхэддээ халаасны мөнгө өгч, өвчлөх эрсдэлд оруулдаг

Манай сурвалжлах баг ажил хаялтад хамрагдаагүй тоотой хэдэн сургуулийн нэг болох Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр сургуульд очив. Тус сургууль нь 1-5 дугаар ангийн сурагчдад боловсрол олгож байгаа аж. Бага ангиа төгссөн сурагчид, СБД-ийн 16 дугаар сургууль болон Гуравдугаар сургуульд үргэлжлүүлэн сурдаг аж. Байгуулагдаад дөрвөн жил болсон гэх тус сургууль гаднаас нь харахад жижигхэн боловч дотроо маш тохилог, юм юмаар бүрэн хангагджээ байна. Тус сургуулийн орчинд хүнсний дэлгүүр бараг байсангүй. Бусад сургуулийг бодвол дэлгүүрүүд зайдуухан байдаг аж. Бид сургуулийн эмч Ч.Эрдэнэцэцэгтэй уулзаж, сурагчдын хүнсний асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон сурагчдын өвчлөлийн талаар тодрууллаа.

Тэрбээр, “Сургуулийн хүүхдийн хоол хүнсний асуудал үнэхээр тулгамдсан асуудлын нэг болоод байна. Сурагчид гэртээ ч гэсэн чанартай хоол унд идэж чадахгүй байгаа нь нууц биш. Түүнээс гадна эцэг, эхчүүд хүүхэддээ мөнгө өгч явуулснаар гадуур зарагддаг элдэв бүтээгдэхүүнийг авч идэх эх үүсвэрийг тавьж байгаа юм. Би энэ талаар эцэг эхчүүдэд сургалт, сурталчилгаа явуулдаг. Миний хамгийн их санаа зовдог зүйл бол хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд байдаг. Амны хөндийн өвчлөл нь маш олон өвчний эх үүсвэр болдог. Хүүхдүүдийн идээд байгаа төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа зэрэг нь амны хөндийн өвчлөлийн гол шалтгаан шүү дээ” гэв. Ч.Эрдэнэцэцэг эмчийн хэлснээр сурагчдын хамгийн их хэрэглэдэг зүйл нь хийжүүлсэн болон чихэрлэг ундаа аж. Энэ нь хамгийн түрүүнд шүдийг өвчлүүлэхээс эхлээд маш олон өвчнийг үүсгэдэг болохыг ч эмч учирлав. Тэгвэл мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаанаас үзвэл 500 мл ундаанд ойролцоогоор 12 цайны халбага сахар агуулагддаг аж. Хэрэв өдөр бүр 500 мл ундаа уудаг бол нэг жилд 22 кг сахар иддэг болохыг тогтоосон байв. Чихэрлэг бүтээгдэхүүн болон ундааны хэрэглээг дагаад өвчлөл ихэсч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Энэ нь бид үр хүүхдийнхээ хэрэглэж байгаа хүнсний асуудалд анхаарал хандуулж, хэт задгайрсан хэрэглээг хязгаарлахгүй бол бидний ирээдүй болсон хүүхдүүд өвчний үүр уурхай болох эрсдэл өндөр байгааг эмч нар сануулсаар байгаа юм.

Тэгвэл энэ бүгдэд хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын газар асуудалд ямар арга хэмжээ авч байгааг сонирхлоо. Гэвч МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуулаас энэ талаар тодруулахад “Би энэ талаар мэдээлэл өгөхгүй Д.Цэнд-Аюуш даргаас асуу” гэв. Харин хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “О.Алтантуул мэднэ” гээд бас л татгалзав. Хоёр дарга ийнхүү бие бие рүүгээ түлхсээр эцэст нь О.Алтантуул  дарга “Гадуур явж байгаа тул өнөөдөр ажил дээрээ очихгүй дараа болъё. Утсаар мэдээлэл өгөхгүй” гээд утсаа таслав. Харин тус газрын Эрүүл мэнд ,Боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Ц.Идэрбат “ТҮЦ-үүдэд зөвшөөрөл олгодоггүй учраас бүртгэгдээгүй байдаг. Үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид зөрчсөөр байдаг. Албан ёсоор бүртгэл байдаггүй учир тусгайлсан хяналт гэж байхгүй.

Бусад бүртгэлтэй үйлчилгээний байгууллагуудад товлолтой хугацаанд нь хяналт шалгалтыг хийгээд явж байгаа” гэв. Хяналтын байгууллагын дарга нар ийнхүү асуудлаас зугтааж, мэдээлэл өгөхөөс татгалзаж, тойруулсан хариулт өгч байгаагаас үзэхэд энэ талаар хараа хяналт сул байдаг юм байна гэсэн хардлагыг төрүүлэх аж. Бүртгэлгүй гэсэн шалтгаанаар хяналтаас ангид хаант улсаа байгуулсан ТҮЦ-ийнхэн болон хүнсний дэлгүүрүүд хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж,  хэдэн халтар төгрөгийн төлөө зүтгэж байна. Үйлчилж байгаа ТҮЦ-т ч, үйлчлүүлж байгаа сурагчид ч хяналт тавьж, хүүе гэх эзэн алга. Өдрөөс өдөрт үйлчлүүлэгчийн тоогоо нэмж цэцэглэн байгаа энэ хаант улсад хараа, хяналт тавихгүй бол таны хүүхдийн эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хяналтгүй худалдаа, халаасны мөнгө хоёроос болж Монголын ирээдүй өвчний уурхай болох аюул хаяанд ирээд байна.