ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Амгаланбаатар: АН ялагдсан амаргүй долоон жилд шантарч ухраагүй нөхөдтэйгөө 2024 оны сонгуульд ялна

O.Admin
2023-12-14

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо энэ сарын 18-нд хуралдаж, холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгоно. АЗХ-ны ерөнхийлөгчид одоогоор МоАХ-аас Ерөнхий сайдын зөвлөх асан Б.Ган-Очир, “Open” клубын Б.Батзаяа, “Морьтон” клубын М.Амгаланбаатар нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгаа юм.

Тэгвэл нэр дэвшигч М.Амгаланбаатар дараах байр суурийг илэрхийллээ.  Тэрбээр “Ардчилал тогтолцооныхоо хувьд томоохон сорилттой тулгарсан хүндхэн цаг үед үзэл санаа нэгт хамт олныхоо дэмжлэгээр АЗХ-ны Ерөнхийлөгчид миний бие дэвшиж байна. Монгол авлигал хээл хахууль газар авсан байна. Эрх баригчдын хулгай дээрэм цагаандаа гарсан. Ийм хүндхэн цаг үед АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдвэр гаргалаа. Монголын залуучууд эрх баригчдаас их юм хүсээгүй. Тендер, ЖДҮ зээл хүсээгүй. Бид бүхэн зөвхөн авдаг цалин нь амьдралаа төлөвлөж болохуйц байхыг, эрхэлсэн бизнес нь авлигачдын гарт шуналд биш, өөрсдийнх нь хүсэл тэмүүлэлд, хөдөлмөрч зан, эрдэм боловсролд нь багтдаг байхыг л хүссэн.

Өнөөдөр дайн болж байгаа Украины нийт иргэдийн 14 хувь нь улсаасаа дүрвэсэн байна. Тэгэхэд энх цагт Ардчилсан Монгол Улсад нийт хөдөлмөрийн насны иргэдийн 16 хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байна. Үлдсэн хөдөлмөрийн насны иргэдийн 50 хувь нь гадаадад ажиллаж амьдрах, аль нэг улс руу дүрвэх хүсэлтэй байна. Даанч гарч чадахгүй байна. Энэ бол том эмгэнэл.

Ийм цаг үед бид ингэж амьдарч байхад бидний үр хүүхэд ямар цаг үед, ямар нийгэмд, ямар орчинд амьдрах вэ гэдгийг төсөөлөхөд маш бэрх. Энэ асуудлаар Ардчилсан нам гаргаж чадна. Ардчилсан тогтолцоо гаргаж чадна гэдэгт би итгэдэг. Тэрний төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг, итгэл үнэмшилтэйгээр зүтгэдэг. Монгол хүн эх орондоо урам зоригтой амьдрах итгэлийг Ардчилсан нам өгч чадна гэдэгт би итгэдэг.

Хэрвээ би АЗХ-ны Ерөнхийлөгч болбол үзэл санаа, үнэт зүйл нэгтэй, нам ялагдсан хүнд хэцүү долоон жил шат шатандаа амьдарч байгаа аймаг дүүрэгтээ итгэл үнэмшилтэйгээр, үзэл бодолдоо үнэнчээр тэмцэж байгаа АН-ын, АЗХ-ны залуучуудынхаа дэмжлэгээр 2024 оны ялалтын хүч нь залуучууд байх орчин нөхцлийг бүрдүүлж чадна. АЗХ-ны үе үеийн чуулган эрүүл, өрсөлдөөнтэй, шударга болдог. МАН-ын залуучуудын хурал шиг аль нэг даргын санал болгосон Дорж, Дулмааг ярайтал гар өргөж дэмждэг биш, язганатал алга ташаад биш, үзэл бодол үнэт зүйлээр нь уралдуулаад эрүүл саруул чуулган хийж чаддаг. Гурван нэр дэвшигчийн дунд болох чуулган шударга болно гэдэгт итгэж байгаа. АЗХ-ны 21 аймаг, есөн дүүргийн нийт гишүүддээ сайн сайхныг хүсье. Есдүгээр чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн сонголт нь мэргэн байг. Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье” гэлээ.