ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Байгуулагдаагүй компанид “талын зам” төслийг өгч байжээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-09-04

Монгол Улсын Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, “Зөвшөөрөл олгох тухай” гэх тэргүүтэй 99 дугаарт тогтоолыг баталж байжээ. Уг тогтоолд “Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй гэсэн байдаг юм. 

Үүнээс хойш яг нэг жилийн дараа Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр Засгийн газрын 99 дугаарт тогтоолыг удирдлага болгон 2014 оны гуравдугаар сарын 09-ний өдөр “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиг­лэ­лийн хурдны автозамын төс­лийг хэрэгжүүлэх барих-ашиг­лах-шилжүүлэх кон­цессын гэрээг “Чингис лэнд девелоп­мент групп-Шинэ хөгж­лийн зам” ХХК-ийн Ерөн­хий­лөгч С.Отгонбаатартай байгуулж, гэ­рээнд гарын үсгээ зурж байжээ. 

Ази-Европыг холбосон авто­замын транзит тээврийн АН-3, Алтанбулаг-Улаан­баатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурд­ны автозамын төсөл нь тухайн үедээ таван тэр­бум ам.долларын төсөвт өр­төг­тэй­гээр төлөвлөгдсөн нь тэр үед эрх барьж байсан төрийн өндөр албан тушаалтнуудын шуналын галыг дүрэлзүүлжээ. 
Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж бай­сан Ц.Элбэгдорж “...Алтан­булаг-Замын-Үүд сум­дыг хол­босон хурдны зам тавина. Монгол Улс хоёр хөршийнхөө гарц нь болно. Энэ нь эргээд улсынхаа хөгжлийг урагш­луулж, эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг нээнэ...” хэмээн мэдэгдэж байлаа. 

Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжсэн бол Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төслөөс ч дутахгүйгээр улсын төсөвт ашиг, орлого авчрах үр ашигтай үндэсний бүтээн байгуулалт байх байсан юм. Гэвч тэр үеийн эрх баригчид энэ төслийг өөрийн болгох гэсэн увайгүй тэмцлийг хийснээс биш, урагшлуулах ажил хэрэг болгох нэг ч ажлыг хийгээгүйгээс үүдэн гацаж зогсжээ.

 

“Талын зам” төслийн концессын эрхийг олгож байх үед хэрэгжүүлэх компани нь байгуулагдаж амжаагүй байв

Ази-Европыг холбосон Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд босоо тэнхлэгийн хурдны зам нь Монгол Улсын зам тээврийн стратегийн гол чиглэл байлаа. Гэвч тухайн үеийн Засгийн газар Монгол төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогдох энэ өндөр өртөгтэй төслийг хэрэгжүүлэх концессын эрхийг Монголчуудын өмнө нь нэг ч удаа сонсож дуулж байгаагүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК гэх сүржин нэртэй компанид олгосон юм. 

Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-д концессыг эрх олгох шийдвэрийг гаргаж байхад тухайн компани нь албан ёсоор байгуулагдаж, бүртгүүлээгүй байсан байдаг юм. 

Өөрөөр хэлбэл “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-д концессыг хэрэгжүүлэх эрх олгох тухай шийдвэрийг Засгийн газар гаргаж, алхаа цохисноос хойш зургаан сарын дараа буюу 2013 оны есдүгээр сарын 09-ний өдөр тус компанийг үүсгэн байгуулах тухай баримт бичгийг бүрдүүлж, тухайн үеийн ОӨУБЕГ-т өгч байжээ. 
Гэвч Ази-Европыг холбосон өндөр зэрэглэлийн хурдны зам тавихаар шинээр бүртгүүлсэн “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн үндсэн болон туслах үйл ажиллагааны чиглэлд автозам барих тухай ганц ч үг үсэг байдаггүй юм. 

Тухайн үед засаг барьж байсан хүмүүсийн атгаг шунал, хууль бус үйлдлээс үүдэн хил гааль, тээвэр ложистик, шуурхай удирдлага, хяналт үйлчилгээ нь хамгийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан энэхүү үндэсний бүтээн байгуулалт элс болон хийссэн билээ. Монголын төмөр замаас дутахааргүй нэр хүнд, үр өгөөжтэй энэхүү төслийн концессын төслийг хэрэгжүүлэх эрхийг үүсгэн байгуулагдаж ч амжаагүй компанид олгох шийдвэрийг гаргаснаараа Засгийн газар ямархуу чадамжтай гэдгээ дэлхий нийтэд харуулсан юм.  

 

Төсөл ердөө 2.5 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой байв

Хэрвээ Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл амжилттай хэрэгжсэн бол өдөрт нэг талдаа 5700 хүнд даацын автомашин тээвэрлэлт хийж, жилдээ 67.392.000 сая тонн бараа бүтээгдэхүүнийг Ази-Европын хооронд тээвэрлэх ёстой байв. Хурдны замыг дагасан олон дагуул хотууд, зочид буудлууд, үйлчилгээний газрууд олноор бий болж, 100 км тутамд шуурхай дуудлага, зам арчилгааны газрууд байгуулагдах байлаа. Олон улсын тээвэр ложистик, аялал жуулчлалын маршрут бий болж улсын 30 хувийг дангаар бүрдүүлнэ хэмээн тооцоолж байжээ. Төсөл хэрэгжих хугацаа ердөө 2.5 жилийн хугацаатай байсан бөгөөд 2016 он гэхэд бүрэн ашиглалтад орох ёстой байжээ. 
 

“Чингис лэнд девелопмент групп”-ын удирдлагууд ямар хүмүүс байсан бэ

“Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-г анх 320 сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулжээ. Уг группын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Э.Золбаяр гэх хүн байдаг. Одоо Ерөнхийлөгчөөр нь Э.Золзаяа гэх эмэгтэй ажиллаж байгаа. Энэ бүхнээс үзвэл Э.Золбаяр, Э.Золзаяа нар төрсөн ах дүү нар байж болзошгүй байгаа юм. Компанийн үүсгэн байгуулагч Э.Золбаярын талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаагүй юм. Харин тус компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Э.Золзаяа нь чамгүй олон гэмт хэрэгт холбогдож, эрх бүхий байгууллагад шалгагдаж байжээ. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичих учраас түр орхие.

Харин  “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр 2013 оны есдүгээр сараас 2014 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд С.Отгонбаатар, Бизнес хөгжлийн захирлаар олноо “Чех” хэмээн алдаршсан П.Баяр гэх хүмүүс ажиллаж байжээ. Тэдгээр хүмүүс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 1000 км урттай хурдны замыг барих хөрөнгө оруулалтыг босгохоор чамгүй хөөцөлдсөн байдаг юм. Гэвч явцын дунд БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Шинкү констракшн” ХХК-д 30 км хурдны зам барих эрх олгоно хэмээн хууран мэхэлж, их хэмжээний хөрөнгөөр хохироогоод ажлаа хаяад явцгаажээ. Хамгийн сонирхолтой нь “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Отгонбаатар, Бизнес хөгжлийн захирал П.Баяр нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн үед Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Золзаяа (одоо тус ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа)-д өгөөд явцгаасан байдаг юм. 

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 1000 км урттай “Талын зам” төсөл улстөрчдийн шуналаас болж эхнээсээ л будлиан маргаантай эхэлсэн юм. Хэрвээ энэ төслийг автозам барих тусгай зөвшөөрөлтэй, олон жилийн туршлагатай, хур их хөрөнгө чинээтэй компанид шударгаар олгосон бол өдгөө Ази-Европыг холбосон өндөр чанарын хурдны зам ашиглалтад ороод зогсохгүй, эдийн засгийн асар их үр өгөөжөө өгөөд эхэлсэн байх байв.