ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын онцлох үр дүн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-24

Иргэний дайны нөхцөл байдалд хүрээд буй ОХУ-д хэдхэн өдрийн өмнө УИХ-ын дарга айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд авчрах хэд хэдэн асуудлаар тохиролцож, хамтарсан бичигт гарын үсэг зураад байна. Тодруулбал, төмөр зам, шатахуун, бараа бүтээгдэхүүний эргэлтэд түүхэн гэж хэлж болохуйц хэд, хэдэн албан бичиг, мэдэгдлийг хоёр улсын парламент хоорондын харилцааны үр дүнд зурж чадсан юм. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ярихдаа

“”Холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалт”-ын бичиг баримтад гарын үсэг зурлаа. Энэхүү бичиг баримтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан тохиролцож, хэлэлцсэнээр энэхүү баримт бичгийг боловсруулсан юм. Европын улс орнуудтай амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлага дээр үндэслэж энэхүү санаачилга гарсан. Манай улсын хувьд хоёр жил нэлээд удааширч байгаад гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр боллоо.

Энэхүү баримт бичиг нь хоёр улсын бүх талын харилцаа, тэр дундаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх баримт бичгийг хэрэгжүүлэхэд парламентын хамтын ажиллагааны зүгээс дэмжлэг үзүүлэх юм” гэв.

Айлчлалын гол үр дүнгээс дурдвал,

-Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал болон бусад салбарыг оролцуулан харилцан сонирхсон асуудлаар парламент хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

-ОХУ-ын Төрийн Думын санаачилгаар “Роснефть”-ийн удирдлагуудтай уулзаж хамтарсан мэдэгдэл гаргасан. Найм, есдүгээр сард шатахуун тасалдаж болзошгүй гэсэн албан бичиг манайд ирүүлсэн асуудлаар спикер уулзаж шатахууныг тасалдахгүй нийлүүлэх, цаашдаа дэлхийн зах зээлд үнэ өссөн ч үнийг нэмэхгүй байх, цаашдаа дэлхийн зах зээлийн нөхцөлтэй уялдуулж үнийг бууруулах чиглэлд мэдэгдэл гаргажээ. Хангамж тогтвортой байна гэсэн үг.

-Монгол Улсын хөдөө аж ахуйн экспортын бараа бүтээгдэхүүн буюу мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус саадгүйгээр ОХУ-д экспортлох асуудлыг судлаж, шийдвэрлэх ажлын хэсгийг хоёр талаас байгуулав.

-Сүүлийн таван жил ужгирсан байсан УБТЗ-ын их өрийн асуудлыг шийдэж, талууд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Өнөөгийн ханшаар 240 тэрбумын зээлийн асуудлыг шийдсэнээр УБТЗ-ын шинэчлэлийг үргэлжлүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэх, дүрмийн санг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Баруун, зүүн босоо төмөр замыг барьж байгуулахад учирч байсан тээг саад арилж байгаа.

-Бүс нутгийн хөгжлийн хүрээнд муж улсуудтай байгуулсан 20 гаруй баримт бичиг байдаг. Тухайлбал, Арц суурь, Цагааннуур зэрэг боомтуудын үйл ажиллагааны саад бэрхшээлийг багасгах, мах махан бүтээгдэхүүний эскпортыг нэмэгдүүлэх чиглэлд ашигтай байх хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирч, ойрын хугацаанд хурлаа хийхээр товлосон.

-Нефть бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр худалдааны тэнцлийг аль болох бага алдагдалтай болгох санал тавьсан. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг солонгоруудахын тулд ОХУ болон тус улсаар дамжиж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох санал зэргийг тус тус тавьжээ.