ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

тАНай МАНай эмэгтэйчүүд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-31

Хийх юм олдохгүй дээ хүн төрөлхтнийг ангилмаар санагдвал эрэгтэй, эмэгтэй гээд хоёр хувааж болно. Дахиад ангилмаар байвал тАНайх, МАНайх гэж хувааж ч бас болж байна. За яах вэ, тАНай МАНай гээд хуваая л даа. Өмнө нь тАНай эмэгтэйчүүд олон байлаа. Өнөөдөр МАНай эмэгтэйчүүд түүнээс чинь олон байна. Тэр үед тАНай эмэгтэйчүүд тодорч байсан юм. Одоо харин МАНай эмэгтэйчүүд солонгорч байна. Яг гадаадад аялахдаа өмссөн хувцас шиг ээ. Эдүгээ МАНай эмэгтэйчүүд боов идэж байна. Бохь зажилж шүдээ цэвэрлэж байна. Мөн манай эмэгтэйчүүд хуралдаа байнга сууж байна. Ерөөсөө унтахгүйгээр, спирт хэрэглэхгүйгээр нүдээ тэвхэдчихсэн юм шиг л сууж байгаа.

Гэтэл тАНайхан яаж байна. МАНай хүүхнүүд шиг “данх, сав” тараахын оронд “Жорлонгоо өөрчилье” гэж домбоорно. Ер нь бие засаж болж л байвал жорлонгүй байсан ч болох зүйлд шал дэмий юм хийж явах гэж. “Миний ардын сэтгэл цагаан” гээд нутагтаа очоод дуулахын оронд машины утааг багасгах гэж, ганц ялсан Баянголдоо зүтгэж байна. Хэнд ч хэрэггүй зүйл. “Өвөл болохоор хүйтэн болдог”-ийг мэдсээр байж утаанаас салах тухай ярьж явах юм.  тАНай эмэгтэйчүүд “үгүй ээ, мөн” тэнэг. МАНай хүүхнүүд шиг гурил тараахын оронд хууль, журам, хүний эрх ярьж, тендер хусахын оронд жендэр яриад явж байна. Тэрийг чинь ямар идэж болох биш, хэрэггүй сэдэв. Ядаж сугалаа зохион байгуулахгүй, хүүхдэд цүнх, хөгшдөд бакал тараахгүй. Тийм “гэнэн”.

тАНай хүүхнүүд Тамхины тухай хууль санаачлаад батлуулсан гэл үү. МАНай хүүхнүүд “Үдийн цай хөтөлбөр”-ийг “Үдийн хоол хөтөлбөр” болгоно, гэвэл ямар вэ. Өмнө нь байсан “цай” гэдэг үгний оронд “хоол” гэдэг ганцхан үгийг солиход шинэ хууль мэндэлнэ, за юу. Хууль батлах ийм амархан. тАНай хүүхнүүд хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа хүндлэхгүй, тэр бүү хэл үг, үзэл бодлоор дийлж, чоно шиг байсан. Бид харин тэдэнтэйгээ нэг баг шиг, нэг хотонд байгаа хонь шиг байна, за юу. Хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлүүлж байсан ч, хурдан мориноос хүүхэд унаж байсан ч, хүүхэд үхэж байсан ч, жагсаал цуглаан болж байсан ч бид дуугарахгүй.

Мэдсэн ч мэдээгүй юм шиг, хонь шиг байна. МАНай эмэгтэйчүүд ийм л сайхан эвтэй хүмүүс. Хэрэв хурлын танхимд үг хэлэх хэрэг гарах юм бол бид шүлэглэж л хэлнэ. Юун төлөө яруу найрагчид МАНайх билээ. Тэртээ, тэргүй “Сарандаваад итгэдэг, цагаан цаас шиг ард түмэнд” юуг, яаж ч хэлсэн яадаг юм. Тэгэхдээ МАНайхан дандаа дуугүй суудаггүй. Хэрэгцээ, шаардлага, ашиг сонирхол гарах юм бол хэл амаа бид хэнээс ч илүү билүүднэ. Тухайлбал, “бандааш” хочит Д.Гантулгын хийсэн хэргийг огт сонсоогүй юм шиг, МАНай “хэн”-ий иддэг боовыг амандаа хийчихсэн юм шиг дуугүй байж байгаад огцрох нь тодорхой болонгуут орь дуу тавиад орчихдог сэргэлэн бай тАНайхаан.

Тэгж ярих юм бол МАНай хүүхнүүд мэдлэгтэй, туршлагатай, чадалтай. Покер хүртэл тоглож чадна. Тэгж байгаад бид бүгдээрээ 2020 онд “Бүгд найрамдах Япон улс”-д болох олимпыг очиж үзэж, Ливерпүүл улсыг дэмжинэ, за юу.