ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намын айдас

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-08

АТГ-ын дарга болон дэд даргыг томилох эсэх са­нал асуулга долоо хо­ног үргэлжилж, хам­гийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг тус газрын дарга болон дэд даргад нэр дэв­шүүлээд байгаа билээ. Тодруулбал, Ерөн­хийлөгч бүрэн эрхийн хүрээнд эрхзүйч мэргэжилтэй Д.Даваа-Очирыг АТГ-ын дар­гаар, дэд даргад Ж.Батсайханыг нэр дэвшүүлэхээр болсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг. АТГ-ын даргаар өөрийнхөө халаасны, эсвэл хамгийн итгэлтэй гэсэн нэгнээ шууд томилох эрх байгаа. Гэвч, энэ албан тушаалд улс төрийн нам, улстөрчөөс ангид хүн байх ёстой гэж үзсэн учраас ард иргэдээс асуух нь зөв хэмээн үзэж, иргэдээс хамгийн өндөр санал авсан хүнээ нэр дэвшүүлсэн нь тэр юм.

Харин дэмжих эсэх эрх нь УИХ-д хадгалагдаж буй. Гэтэл өчигдөр хаалттай хуралдаж, мэдээлэл хийхээс татгалзсан МАН-ын бүлгийн хурлаар хоёр даргын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Улмаар, УИХ-д асуудал орж ирмэгц дэмжихгүй байх ёстой хэмээн тэд байр сууриа нэгтгэжээ. Шалтгаанаа Х.Энхжаргалын бүрэн эрх дуусаагүй учраас хэмээн хамгаалахаар санал нэгдээд тарсан аж. Гэвч, МАН-д өөр айдас бий.

Тэр дундаа МАН-ын дарга М.Энхболдын ойрын хүн гэх Х.Энхжаргал энэ албан тушаалаас зууралдсаар байвал МАН-ынхан асуудлаас мултарч үлдэнэ. Яг л Оюутолгойн гэрээг зурахад оройлон оролцсон МАН-ынхан мултарч, АН-ынхан торны цаана суусан шиг. Х.Энхжаргал энэ албан тушаалд байсаар байвал МАН-ын албан тушаалтнуудын хийсэн гэмт хэргүүд бүгд дарагдах нь тодорхой байгаа юм. Тиймдээ ч нэр хүндээ үл хайхарч, намын тушаалаар хөдөлж, гар хөл нь болдог албан тушаалтныг хамгаалж үлдэхээр тэд шийджээ.

Хамгийн ноцтой нь 60 тэрбумын сүлжээ, тэнд оролцсон албан тушаалтнуудын хэрэг ил гарах вий, баригдах вий гэдгээс л үхтлээ айж байна, тэд. Харин МАН дунд өөр үзэл бодолтой улстөрчид олон бий. Тэр дундаа экс дарга М.Энхболдын фракцийнхны оролцсон “60 тэрбум”-ын хэргийг ил болгох, намдаа бугшсан идээ бээрээс салахаар шийдсэн залуус олон байгаа.

Тэд харин өөр бодолтой байгааг эх сурвалж хэлж байна. Ерөөс Ерөнхийлөгч энэ албан тушаалд нэг нам, хэн нэг улстөрчийн гар хөл болдоггүй хэн нэгнийг томилж гэмээнэ МАН-аас маш олон хүмүүс “хэцүү нэрт”-ийн хаалгыг хийсэн хэргийнхээ төлөө татна. Тэд өнөөдөр нам ялсан учраас асуудлаас мултарч байвч, маргааш цаг эргэхэд хийсэн хэргийнхээ ял зэмийг үүрэх нь тодорхой юм.

Энэ нь харин МАН-ын нэр хүнд, 2020 оны сонгуулиар нам муухай харагдах маш том акц учраас, ямар ч хамаагүй аргаар АТГ-аас тас зуурахаар шийдсэн нь энэ юм. Угтаа МАН-ынхан эцсийн аргаа хэрэглээд ч хамаагүй олонхиор хүч түрэн АТГ-ыг халхавчаа болгож үлдэхээр санаа шулуудаж, хэвлэл мэдээллээс зугтсаар өчигдөр үүр үүрэндээ нуугдан хор найруулж эхэлжээ. Тэд мэдээж санасандаа хүрч магадгүй. Харин маргааш ард түмний тавих дүн арай өөр байна гэдгийг сануулах нь илүүц биз.