ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо харьцангуй шинэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг танилцуулав. Тус танилцуулгад дурдсанаар “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн баталсан хуулиар ажил олгогч даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын хэмжээг долоо хувь байсныг 9.5 хувь болгон баталсан.

Ажил олгогч болон даатгуулагчдад санхүүгийн шууд дарамт үүсгэхгүйн тулд нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулсан.

2021 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь цар тахлын үед ААН, иргэний орлогод хүндээр нөлөөлсөн. Тиймээс төрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувийн зохицуулалтаар хууль хэрэгжиж байна. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах санал оруулж байна.

Ниймийн даатгалын тухай хуулийн 15.1-т зааснаар тэтгэврийн даатгалын хэмжээг 9.5 гэснийг 8.5 буюу ажил олгогч даатгуулагч тус бүрээр 1 хувиар бууруулах хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчдын орлого дунджаар 10 хувиар өсч, ААН-д очих эдийн засгийн дарамт багасч ажлын байраа хадгална. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэнэ.

Тиймээс шаардлагатай эх үүсвэрийг 2021 онд багтаан зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдрийн хоёр хувийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна. Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо харьцангуй шинэ. Хууль батлагдсанаас хойш 22 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой энэ гажуудал үүссэн. Аливаа бодлого тогтвортой байх ёстой гэдэгт бид илүү анхаарч ажиллана. 1995 онд тэтгэврийн шимтгэл 19 хувь байсан бол 2008 онд эрс бууруулаад 14 хувьд хүргэсэн. 22 удаагийн өөрчлөлтүүд олголт тал дээр хөнгөлөлтүүдийг бий болгосон.

Өнөөдөр тэтгэвэртээ гарч байгаа хүмүүсийн 54 хувь нь дөнгөж ердийн горимоор гарч байгаа. Үлдсэн хувь нь дандаа хөнгөлөлттэй нөхцөлд гарч байгаа нь сангийн алдагдлыг бий болгож байна. Нөгөө талдаа 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэхэд тухайн үед Монгол Улс дефолтод орохгүйн тулд санхүүгийн гажуудлаа засах ёстой гэсэн зөвлөмжүүд өгснөөр эргээд НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр нь 2021 оноос 19 хувьд хүрч байгаа нь 2095 оны хувьд хүргээд байна” гэсэн тайлбарыг хэлж байлаа.

Гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдрийн хоёр хувийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна. Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого 2015 онд батлагдсан. Үүнд 2030 он гэхэд тэтгэврийн тогтолцоо олон давхаргат тогтолцоонд шилжсэн байна гэсэн бодлого дэвшүүлсэн. Үүнийхээ дагуу нийгмийн даатгалын багц хуулиудаа бэлэн болгосон.