ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олголоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-12

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдын төлөөллийг Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр шагнаж, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн бичгийг гардууллаа.

Тодруулбал,

  1. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл,
  2. Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн,
  3. Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг,
  4. Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн  Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг,
  5. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга,
  6. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарын зургаан хүнийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхий бичгийн батламжийг гардуулав.

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Авирмэдийн Наранцэцэг Алтангадас одонгоор шагнасан бөгөөд эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагналаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ цар тахалтай тэмцэж, эрдэнэт хүний амь насыг аврах үйлсийн ачааны хүндээс сувилагчид үүрч яваа. Эрүүл мэндийн салбар хамгийн хүнд ачааг үүрч яваагийн хувьд энэ цугласан хүмүүсийн өмнөөс талархалж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлье.

Төрийн зүгээс нийт ажилчин, алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлж, тэр дундаа цар тахлын эсрэг тэргүүн шугаманд зүтгэж буй хүмүүстээ урам өгч, итгэл сэтгэлийг урам бадраах ёстой гэж үзэж өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өдрийг бид улам илүү өргөн тэмдэглэх учиртай.

Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна” гэж ярив.

Мөн тэрбээр нийслэлийн Засаг даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.