ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.БАТ-ҮҮЛ:Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой байх үндэслэл бий

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-12

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн агсны амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өгөхдөө  Ц.Амгаланбаатар уг хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл гэж мэдүүлсэн  хэмээн ярьсан билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү асуудлаар Нийслэлийн АН-ын дарга Э.БАТ-ҮҮЛ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо.

Тэр дундаа  Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг. Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох үндэслэл ч бий.

Тухайлбал, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон.  УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо. Мөн эл хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан" гэв.